Кенийн иргэн Присцилла Ситиенея анх удаа сургуульд явж, ач зээ нартайгаа нэг ширээнд сууж үзжээ. “Би зүгээр л Библийг өөрөө уншихыг хүссэн юм. Бас би үйлдлээрээ сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг залуу хүмүүст харуулахыг хүссэн. Манай улсад хүн бүр боловсрол эзэмших боломж байдаггүй. Гэхдээ илүү ухаантай болъё гэвэл нас бол юу ч биш” хэмээн сургуульд орсон шалтгаанаа тайлбарлажээ.
Присцилла нь 1923 онд Кени улсыг Их Британийн колони байхад төрсөн юм. Багадаа бага боловсрол олж авч чадаагүй тэрбээр уншиж, бичиж чаддаггүй, тоо мэддэггүй гэнэ. Тэрбээр бүхий л амьдралаа гэр орноо өөд нь татах, үр хүүхдээ асрахад зарцуулжээ.
Присцилла олон жилийн турш эх баригч хийсэн. Тэрбээр үүнд суралцаагүй ч хөршийнхөө эмэгтэйчүүдийг байнга төрүүлж байсан олон жилийн туршлагатай, зөөлөн гартай гэдгээрээ алдартай.
Эх баригчаар ийнхүү ажиллаж байсан ч нас дээр гараад зүгээр суухгүйн тулд нутгийнхаа сургуульд нэгдүгээр ангид оржээ. Эхэндээ сургуулийн захиргаа түүний өргөдлийг хүлээн аваад гайхаж байсан ч сурах хүсэл нь чин сэтгэлийнх болохыг нь ойлгосон гэдэг. “Бичиг үсэггүйгээсээ болоод би гэр бүл, үр ач нартайгаа харьцахад хэцүү болсон. Яагаад гэвэл би мессеж ч бичиж чадахгүй шүү дээ” хэмээн Присцилла тайлбарлажээ.
Сурагч эмээ ач зээ нартайгаа хамт сурч байна. Ангийнхан нь түүний гэрийг хэлж чаддаггүй учир Гого хэмээх нэр бодож олжээ. Хүүхдүүд хичээл дээр түүнд үсэг, тоогоо цээжлэхэд нь тусалж, харин тэр найзуудаа дагуулан ой явж, эмчилгээний ургамал, цэцэг зааж өгдөг байна.
Эх сурвалж: KP