Гвинейд төрийн эргэлт гарсны дараа хөнгөн цагааны ханш сүүлийн 10 жилд байгаагүй дээд үнэд хүрснийг Лондонгийн металлын бирж (LME) харууллаа.
Даваа гарагийн өглөө нэг тонн металлын үнэ 2727 ам.долларт хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханшаас +1,2 хувиар өссөн үзүүлэлт аж. Өмнө нь арилжааны явцад 3 сарын дараа нийлүүлэлттэй фьючерийн үнэ тонн нь 2775,5 ам.доллар болсон нь 2011 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон аж.
Гвинейд есдүгээр сарын 5-нд цэргийнхэн засгийн эрхийг булаан авч, Ерөнхийлөгч Альфа Кондегоо саатуулснаа зарласнаар төрийн эргэлт гарсан юм. Үүний дараагаас тус улс улсын хилээ хааж, Засгийн газар, парламентаа тарааж, Үндсэн хуулийн үйл ажиллагаагаа зогсоосон аж.
Тус улсын улс төрийн нөхцөл байдлаас болоод боксит буюу хөнгөн цагаан хийх түүхий эдийн нийлүүлэлтэд ноцтой аюул тулгарсан юм. Ерөнхийдөө хөнгөн цагаан зах зээл цаашид нэлээд савлаж болзошгүйг Оросын тэрбумтан Олег Дерипаска анхааруулжээ.
“Хөнгөн цагааны зах зээлийг энэ нөхцөл байдал нэлээд доргиож болзошгүй. Дэлхий дээр нийт хөнгөн цагааны 20 хувийг энэхүү жижигхэн, маш ядуу орнуудаас олборлосон бокситоос гарган авдаг” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Эх сурвалж: Lenta.ru