“Өглөөний сонин” 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны дугаартаа “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл хэвлүүлжээ. Уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус сониныг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан байна.
Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины эхний нүүрэндээ нийтлэх байдлаар залруулга, няцаалт хийхийг даалгах, мөн ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол болох 100.000.000 (нэг зуун сая) төгрөгийг гаргуулж, “Мон-Атом” ХХК-д олгуулахыг шаарджээ.
Өнөөдөр (2021.09.06) Өглөөний сонины редакци МСНЭ болон байгаль орчны салбарын эрдэмтэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож мэдээлэл өглөө. Өглөөний сониныхон компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэхдээ байгаль орчны үйл ажиллагааг зорилготойгоор эсэргүүцээгүй, болж байгаа үйл явдлыг сөхөн хөндсөн. Гэвч Мон-Атом компани нэр хүндэд халдсан хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжилж, шүүхэд хандсан гэв.
Ураны хор нөлөө нийгэмд үзүүлж байгаа хор уршгийн талаар эрдэмтдийн байр суурийг сонсголоо. Хуралд оролцсон эрдэмтэд бид ураны хор хөнөөлийг олон жил ярьж байна. Монголд ашиглаж байгаа уран олборлох технологи биш байна. Одоо ашиглаж байгаа уусган баяжуулах технологи бол ядуу буурай орнуудад ашигладаг технологийг хэрэглэж байгаа.
Гадны компаниуд байгаль дээр уусган баяжуулалт явуулж байгаа нь эрх барьж байгаа хүмүүсийн ард түмнээ бодохгүй байгаа шийдвэр хэмээн мэдэгдэж байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож буй Францын Арева компанийн эсрэг нутгийн иргэд, эрдэмтэд 13 жил тэмцсэн. Тэнд ажиллаж байсан гадны компаниудтай Мон-Атом төрийн өмчийн компани нэгдсэн байгаа юм байна. Хээрийн боохойтой нэгдсэн гэрийн нохой аюултай байдаг. Бид гадаад компанийн эсрэг тэмцэж байна гэж бодсон боловч өнөөдөр монголчууд ил болж байгаа юм байна. Удахгүй бид уранаар хордсон хүүхдийг нийслэлд авчирч үзүүлнэ гэв.