УИХ-ын дарга М.Энхболд: Сонгууль өнөөдрөөр өндөрлөөсэй

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23 дугаар сургуулийн санал өгөх байранд  саналаа өглөө. Нэр дэвшигч М.Энхболд саналаа өгснийхөө дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна.

 Иргэд эрхээ эдэлж өөрийнхөө хүсч байгаагаар сонголтоо хийх нь зүйтэй. Мөн энэ сонгуулийн ирц бүрэн дүүрэн болж өнөөдөр өндөрлөөсэй гэж хүсч байна. Монголчууд наадмын маргааш намар гэж ярьдаг. Зун эхэлсэн сонгууль намартай золгон сунжирч удааширах нь зохимжгүй.

Тиймээс наадмын наана сонгуулиа сайхан өндөрлүүлэхийн тулд сонгогч олон түмэн маань сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.  Монгол түмэндээ морь нь хурдан, бөхчүүд нь баяртай, харвасан сум нь онч мэргэн байж дэлгэр сайхан наадахыг ерөөл дэвшүүлье” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн