Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль (МҮИС) хэмээсэн хувийн сургуулийг тойрсон асуудал сүүлийн 10-аад жил үргэлжилж байгаа. Гэвч Монгол Улсын нүүр царай болсон их сургуулийн гомдлыг барагдуулж, нэр төрийг нь аврах зүрх, зоригтой сайд таарч байгаагүй юм.
БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээ буцааж авна хэмээн наймдугаар сарын 26-нд мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр МҮИС хэвлэлийн хурал хийж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг шүүхэд өгөх гэж байгаагаа мэдэгдлээ.
Манай сургууль МУИС-тай андуурагддаггүй, оюутнуудыг хяналтын тоондоо багтааж элсүүлдэг, чанаргүй сургалтын асуудал аль ч сургуульд байдаг гэх мэт асуудлыг хөндөж байна.
Монгол Улсын Их Сургууль нь 1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд үндэсний сургууль болох хууль ёсны статусаа цаг тухай бүрт баталгаажуулж ирсэн байна. Гэвч МҮИС нэртэй сургууль нь МУИС-ийн нэртэй ижил нэр оноож, дотоодод болон гадаадад андуурагдах байдал үүсгэн, Монгол Улс болоод МУИС оюутан залуучуудыг хохироож байгааг МУИС олон жилийн турш эсэргүүцэж ирсэн юм.