Москва өөрийгөө Вашингтон, Киевийн харилцаанд хөндлөнгөөс оролцох эрхтэй гэж үзэхгүй байгаа ч Владимир Зеленскийн АНУ-д хийж байгаа айлчлалыг анхааралтай ажиглаж байна гэж Оросын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Тэрээр АНУ ноён Зеленскид үзүүлэх нөлөөгөө ашиглан Минскийн хэлэлцээр, түүнчлэн Парист хожим нь байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зам руу хөтлөж магадгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч нэмж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч энэ өдрүүдэд Вашингтонд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр (2021.09.01) Жо Байдентай уулзана. Уулзалтын гол сэдвүүдийн дунд Донбасс дахь асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд америкчуудыг оролцуулах, мөн “Хойд урсгал 2” хоолой, Украины эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа зэрэг сэдвүүд багтаж байгаа аж.
Украины зүүн хэсэгт үүссэн нөхцөл байдлыг намжаах тухай Минскийн хэлэлцээрт гал зогсоох, хүнд зэвсгийг холбоо барих шугамаас гаргах, мөн үндсэн хуулийн шинэчлэлийг хийх бөгөөд үүний гол элемент нь төвлөрлийг сааруулах, тусгай статусын тухай хуулийг батлах явдал юм. Зеленский 2019 оны 12 -р сард Парист болсон “Нормандын дөрөв” дээд хэмжээний уулзалтын үеэр эдгээр зарчмуудыг тууштай баримталж байгаагаа дахин мэдэгдсэн боловч түүний хэрэгжилтийг байнга хойшлуулж байна гэж Москва үзэж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтын дараа Зеленский Калифорнид очиж, тэндхийн бизнесменүүдтэй хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ