“Токио 2020” паралимпын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн уралдаанууд өнөөдөр явагдлаа.
Т53 ангилал буюу тэргэнцэртэй уралдааны төрөлд манай тамирчин П.Энхманлай хурд сорьж, 15.97 секундийн үзүүлэлтээр хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо.
Энэ төрөлд 13 тамирчин өрсөлдсөнөөс Тайланд, Саудын Арабын тус бүр хоёр болон ОХУ, Канад, Франц, Бразилийн тамирчид шигшээд шалгарч, цааш медалийн төлөө уралдахаар болов. Тайландын тамирчин Понгсакорн Паэё урьдчилсан шатанд 14.30 секундийн амжилтаар паралимпын наадмын дээд амжилтыг шинэчиллээ.
Түүнчлэн өнөөдөр манай өөр нэг тамирчин Д.Саруултөгс зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх байсан ч нурууны гэмтэл нь сэдэрсний улмаас оролцолгүй өнжихөөр болжээ. Гэхдээ тэрбээр есдүгээр сарын 4-нд бөөрөнцөг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо