2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ
Хайрт хүүхэд, багачууд аа,
Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Эрдмийн баярын энэ өдөр Монгол эх орныхоо ирээдүй болсон та нартайгаа цэнхэр дэлгэцээр боловч уулзаж байгаадаа маш баяртай байна.
Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас та нар маань анги танхимдаа цуглаж, суралцаж, анд нөхөдтэйгээ хөгжиж, хөгжилдөж чадахгүй бараг 2 жил боллоо. Сурч боловсрох эрхтэй. Энэ хоцрогдлыг нөхөх сорилт бидэнд тулгарч байна. Иймд сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно.
Энэ бүхний үр дүнд сургууль боловсролын байгууллагууд хэвийн ажиллах, та нар маань эрдмийн танхимдаа урьдын адил өдөр бүр цуглаж, хичээл сурлагадаа санаа зовох зүйлгүй шамдах цаг ирж байна. Гэхдээ бүрэн тайвшрах, цар тахлыг нэг мөсөн ялах өдөр хараахан болоогүй байна. Сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.
Монгол Улсын хувьд COVID-19 цар тахлын эрсдэлд хамгийн их өртсөн салбар бол Боловсролын салбар юм.
Танхимын, цахим, интерактив, зайны сургалтдаа идэвхтэй оролцож, сурах болон сургах үйлстээ чин сэтгэлээр хичээн шамдсан нийт хүүхэд багачууд, эрдэмтэн багш нартаа Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Энэ хичээлийн жилд өнгөрсөн 2 жилд учирсан хичээлийн хоцрогдол, алдсан боломжуудаа нөхөх, арилгах нь хүүхэд, багш, сургууль хамт олны эрхэм зорилго байх болно.
Технологийн дэвшлийг сургалтын үйл ажиллагаанд амжилттай ашиглах, танхимын болон зайны сургалтын хэлбэрийг хослуулан, улам боловсронгуй болгох шаардлагатай байна.
Дэлхий нийтийн цахим сургалт нь e-Learning буюу цахим сургалт, m-Learning буюу хөдөлгөөнт сургалт, smart-Learning буюу ухаалаг сургалт гэх мэт хөгжлийн шатуудыг туулсаар байна. Ойрын ирээдүйд u-Learning буюу хүссэн газраасаа хүссэн төхөөрөмжөө ашиглан суралцах боломжийг бүрдүүлэх шинэ шатанд шилжиж байна.
Түүнчлэн технологийн 4-р хувьсгалын энэ эрин үед хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, цахим засаглал, Bigdata-гийн үүрэг улам бүр нэмэгдэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө тэмүүлж байна. Тиймээс багачууд та нар маань багш нартайгаа хамтран энэ шинэ технологи, арга ухааныг сайтар эзэмшиж, дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн ирээдүйг зорихын төлөө хичээн шамдахыг уриалж байна.
Орчин үед диплом, гэрчилгээ, сертификатаас илүү хүний авьяас чадвар, ёс зүй, хүмүүжил төлөвшлийг эрхэм чухалд тооцох боллоо. Онцгой авьяас чадвартай 13-16 насны үе тэнгийнхэн чинь Microsoft, Apple, Toyota гэх мэт дэлхийн хэмжээний том компаниудад уригдан ажиллаж байна.
Орчин цагийн энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлж боловсролын хуулийн төслийг бид хэлэлцэж байна. Иймд багш сурган хүмүүжүүлэгч, оюутан залуус, хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн саналаа энэ хаягаар ирүүлэхийг хүсье.
Lawmaker.parliament.mn
Lawforum.parliament.mn
Тиймээс та нар маань өөрсдийнхөө авьяас чадварыг нээн хөгжүүлэх, монгол түмнийхээ ёс заншилд суралцах, хүнлэг энэрэнгүй, хүмүүнлэг ёс зүйт боловсрол эзэмшихийн төлөө цуцалтгүй шамдаарай.
Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрсдийн хүсэл сонирхлоо төр засагтаа хүргэх, эргэн тойрондоо байгаа буруу мууг засаж сайжруулахын төлөө хүүхдүүд үгээ хэлэх боломжийг бүрдүүлэх нь Улсын Их Хурлын үүрэг гэж бид үзэж байгаа.
Энэ зорилгоор энэ жилээс эхлэн улсын хэмжээнд ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ олгох хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн МИНИ ПАРЛАМЕНТ ажиллуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.
Хайрт хүүхдүүд ээ,
Та нар бол Монгол орны маргаашийг бүтээх, эх орноо хөгжил дэвшлийн гэгээн замд хөтлөх эзэд нь билээ.
Та нарын дунд ирээдүйн эрдэмтэн мэргэд, дэлхийн од болсон тамирчид, урлаг соёлын алдартнууд бий. Монголоо мандуулах төр хувийн хэвшлийн зүтгэлтэн, ард түмнийхээ хүндэтгэлийн хойморт залрах төрийн зүтгэлтнүүд бас байгаа.
Ийм сайхан ирээдүйг тань гэгээн саруул байлгах, сурах – хүмүүжих – хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үүрэг гэж үзэж, ах эгч нар нь хичээн шамдах болно.
Эрдмийн их аян тань саад үгүй дардан байж, Монгол эх орон маань бадран мандах болтугай.
Монголынхоо баясгалант ирээдүй багачууддаа, мянга мянган багш сурган хүмүүжүүлэгчдэдээ сурлага, хөдөлмөр, урлаг, спортын бахдам амжилтыг, эрүүл энхийн эсэн жаргалыг хүсэн ерөөе.