Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ЗДТГ малчдынхаа хүсэлтээр нутгийн иргэдтэй хамтран Долоогийн даваа болон, Хөндлөнгийн давааны замыг засварлажээ. Энэ даваагаар Завхан аймгийн урд бүсийн сумдын малчдын зорчих хөдөлгөөн хийдэг гол зам аж. Мөн тус сумын иргэд Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн малчид хангайн чиглэлд зусдаг нүүдэллэдэг айлуудын гол зам Отгон, Шилүүстэй сумын чиглэлийн Жимгэрийн хясааны замыг засварлаад байна.
Урд бүсийн сумуудын малчид өвөлжөө, хаваржаа чиглэсэн нүүдлээ энэ давааны замаар хийдэг бөгөөд бороо, цастай өдрүүдэд давааны замын зорчих хэсэг шавар, цасанд дарагдаж, аюулгүй зорчих боломжгүй болдог байна.
Тухайн замд жил бүр засвар арчилгаа шаарддаг бөгөөд 2015 оноос хойш гурван удаа засвар арчилгаа хийсэн байдаг. Цаашдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулан аймаг орон нутгаас төсөвлөн улам сайжруулах шаардлагатай байдаг аж.
Цагаанхайрхан сумын иргэд нийтийг хамарсан, орон нутгийн өнгө төрхийг сэргээсэн олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байна. Тус сумын төвийн айлууд өрхийн төсөв боломждоо тааруулан хашааны өнгө үзэмжээ сайжруулах ажлыг ч хийж гүйцэтгэжээ.