-Үйлдвэрийн районд Хятадын компаниуд газар авч, үйлдвэрээ байгуулж эхэлжээ-
Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр (2021.08.27) мэдээлэл хийлээ. Тус холбоо Төрийн буруу бодлогын уршгаар үндэсний барилгын материал үйлдвэрлэгч 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн гэдгийг мэдэгдлээ.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатарын хэмжээнд зөвхөн сайжруулсан шахмал түлшийг ашиглахаар болж, нийслэлийн агаарын чанарыг бүсэд шахмал түлшнээс бусад түүхий нүүрс оруулахыг хориглосон билээ.
Үүнээс үүдэн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэлдээ түүхий нүүрс ашиглан бүтээгдэхүүн боловсруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажил зогссон бөгөөд 2020 онд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр эдгээр үйлдвэрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар нэгэн техникийн дэвшил гарга” гэсэн зөвлөмж өгчээ.
Ингээд үндэсний барилгын материал үйлдвэрлэгчиид ШУТИС-ийн эрдэмтэн, багш нартай хамтран судалгаа хийж, түүхий нүүрсний оронд шахмал түлшний найрлагын 95 хувийг хангадаг мидлингийг түлснээр агаарын бохирдлыг 30-50 хувиар бууруулах боломжтой тооцоо гаргаад авчээ.
Судалгааныхаа дагуу тус үйлдвэрүүд мидлингийг ашиглаж эхлэх гэсэн боловч Улаанбаатар хот руу оруулахыг хориглосон хэвээр байгаа нь үйлдвэрлэгчдийг цар тахлын нөхцөл байдалтай хамт хоёр талаас шахан дампуурлын ирмэгт хүрч ирэхэд тулгаад байгаа аж.
Үйлдвэрлэгчид өнөөдөр агаарын бохирдол бидний тулгамдсан асуудал мөн. Үүнийг шийдэхийг бид дэмжиж байгаа. Гэхдээ төрийн гаргасан шийдвэрүүд ямар ч уялдаа холбоогүй, цаашид шат дараатай авч хэрэгжүүлэх арга зам байхгүй байна. Засгийн газраас цар тахлын үед жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг ч гаргасан тушаал, шийдвэр нь бодит байдалтай нийцэхгүй байна хэмээн мэдэгдлээ.
Тус үйлдвэрүүд энэ оны тавдугаар сарын 15-наас хойш зогсонги байдалтай байгаа аж. Тэдний сул зогсолттой зэрэгцээд барилгын материалын үнэ өсөж, дотоодод үйлдвэрлэгддэг барилгын материалууд шууд импортоор орж ирж, Монголын компаниуд Хятадын худалдаачид, компаниудад зах зээлээ алдаж, бүтээгдэхүүний хомсдол бий болсон гэдгийг ч тэд дурдаж байна.
Засгийн газар болон Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж бидэнтэй уулзаж, тулгамдаад байгаа асуудлыг маань шийдэж өгөөч гэж хүсч байгаагаа тэд дуулгаж байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол бид ажилчдаа алдаж, эдийн засгийн боломжгүй болж байна гэж тэд мөн мэдэгдлээ. Одоогийн байдлаар үйлдвэрийн район буюу төвийн ууртай холбоотой бүсэд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд газар авч, үйлдвэрээ бариад, бидний бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнийг хийж эхэлж байгаа аж.