Ардчилсан нам өнөөдөр мэдээллийн цагаараа Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр “Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдэд олон гомдол ирүүлж байна. Тус хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар тусгасан.
МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл аваад, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна.
УИХ-ын дарга саяхан төрийн алба ард түмний зарц байх ёстой гэх мэдээлэл хийсэн. Гэтэл өнөөдөр төрийн алба МАН-ын зарц болоод байна. Төрийн албаны ёс зүйн дүрэм тийм ч муу биш. Харамсалтай нь хэрэгждэггүй. Төрийн албаны ёс зүйн дүрмийг мөрдүүлж, шалгуурыг тодорхойлох тал дээр анхаарах цаг нь болсон. Хуулийн шалгуур хангахгүй учраас түр орлон гүйцэтгэгч томилдог. Тухайн хүмүүс нь сэтгэлээрээ ажиллахгүй байна. Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага амьгүй албат болсон. Төрийн албаны хуулийн шинэчлэлийн асуудал дээр тодорхой саналууд хүргүүлж, хамтарч ажиллана.
Манай улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь нам дагаж амьдарч байгаа нь харамсалтай. Улс төрийн намын хууль, гишүүнчлэлийн асуудлыг шинэчлэх шаардлагатай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд улс төрийн намын тухай хуулийг өргөн барьж, намрын чуулганд батлуулахыг уриалж байна. Олон талын бүрэлдэхүүнийг оруулж, улс төрийн намын хуулийг зөв зарчимд оруулмаар байна. Төр дагаж, нам дагаж амьдардаг иргэдтэй боллоо. Бусад нь төрд ажиллах боломж, бизнесээ булаалгадаг” гэлээ.