Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ингёныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ингён төслийн III шат болгож Улаанбаатар хотын тодорхой байршлуудыг ойжуулах саналтай байгаагаа илэрхийлж төслийн үр дүнг сайжруулахын тулд Нийслэлийн ИТХ, иргэдтэй хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм.
Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар бүхэлдээ өргөжин тэлж хүн ам өсөн нэмэгдэж байгаа тул байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй. Орон сууцны томоохон хороолол, нийтийн эзэмшлийн барилга байгууламж, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ногоон байгууламжийг орхигдуулалгүй хийх шаардлагатай байгаа.
Тиймээс Улаанбаатар хотын тодорхой байршлуудыг ойжуулах чиглэлд төслийн багийнхантай хамтарч ажиллахад бэлэн байна” гэдгийг онцоллоо.
Манай улс 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд 2035 он хүртэл говь цөл, тал хээрийн бүсийн заагт элсний нүүдлээс хамгаалах үндсэн болон туслах зурвас бүхий 3700 километр урттай, 200 мянган га талбайгаас доошгүй ойн зурвас байгуулахаар төлөвлөсөн. Мөн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн XVI хороонд иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх Монгол, Солонгосын найрамдалт цэцэрлэгт хүрээлэнг 40 га талбайд байгуулсан аж.