Отгонтэнгэр хайрханы тахилгатай уялдуулан тэрлэсэн тэмдэглэл:
Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж
Монгол түмний язгуур шүтээн Очирваань арван хангал хэмээн алдаршсан догшин сахиусдын нэг болой. Нэрийг нь тайлбаас Мутартаан очирт гэсэн утгын гэрлийг цацруулна.
Үгийн эрдэнэсээр дүрслэхүй биеийн өнгө хөх, гурван мэлмийтэй, хөмсөгнөөс нь оч цацарсан , хоолойноос нь хүчирхэг дуун гарсан, биеэс нь гурван орныг номхотгох буман нарны гэрэл бадарсан, баруун мутартаа таван хорыг дарах таван билгэ, билгийг төгссөн, таван салаа очир барьсан, зүүн мутартаа цалам барьсан, улаан дэвсгэртэй бадамлянхуа дээр залран байх ажааму.
Энэхүү шидэт сахиусыг “Очирваанийн хувилгаан Очирбат түшээт хан“ цол хүртсэн Автайсан хан Түвд оронд морилж гуравдугаар далай ламаас залж ирсэн хэмээх нэгэн өгүүлбэр судар шастирын хуудаснаас тосму.
НЭГЭН ЗҮЙЛ. Энэхэн дэлхий ертөнц нэлэнхүйдээ их далайгаар бүрхэгдэж байсан тэр үед буюу гурван тэрбум жилийн тэртээд Отгонтэнгэр оргил бүхий хангайн нуруу усан дороос цухуйснаар эдүгээгийн төв Азийн эхний хуурай газар болон ил гарч бусад тив үүсчээ. Энэхүү сонин содон өгүүлбэр эртний сударт буй бөгөөд эдүгээ Хаадын сан цувралын Чингис хааны нэгдүгээр ботид тодорхой бичжээ.
НЭГЭН ЗҮЙЛ. Эрт үед “Үзэсгэлэнт үзэгдэх” галвын Намбаржонба хэмээх ертөнцийн оронд Ёндонтаяаринчэннацоггодвижамбо хэмээх бурхан заларч байхад Чойсэм бодьсадва алдарт Очирваань бурхан их бодийн сэтгэл үүсгэн “Би бээр та нарын мутар дахь очир тань болж сахья” хэмээн ерөөл талбиж байжээ.
НЭГЭН ЗҮЙЛ. Бурхан багш Очирваань бурханд зарлиг ном болон нууц тарнийн олон дамжлагыг хайрласан нь эдүгээ бидэнд уламжлагдан иржээ. Очирваань хэмээх хүч чадлын бэлэгдэл болсон бурхан нь монголыг даасан Ядам бурхан мөн болох тухай Монголын шашны түүхийн ном, сурвалж бичигт олонтаа дурдсан байдаг.
НЭГЭН ЗҮЙЛ. Зулт сайн галвуудад ямар ч бурхан заларч номоо номлосон тэрхүү бурхантай Очирваань хамт байж амьтны тусыг бүтээнэ гэсэн зарлиг тангарагтай тул Монголчууд ямар ч бурханы эрин үед Очирваань бурханы ивээлд багтаж адистидийг нь хүртэхийн бэлгэ ерөөл, шүтэн баридлагатай ажээ.
НЭГЭН ЗҮЙЛ.Саяхан болтол Отгонтэнгэр хэмээх нэрийн Отгон гэдэг нь түрэг монгол хэлний дундын гэгдэх Отхан буюу галын хан голомт сахигч хүү гэсэн үг гэлцэж байв. Эрдэмтэн судлаачид энэ нэрийг монгол хэлний эртний үгийн сан болон аман зохиолын баримт хэрэглэгдхүүнийг иш үндэс болгон тунгаагаад этүгэн буюу эх газар хэмээсэн унаган монгол үг хэмээх санал дэвшүүлжээ.
Тан улсын бичиг сударт наймдугаар зуунд Орхон мөрний хөвөөнөө мандаж асан Түрэгийн хаад бидний Отгонтэнгэр хэмээн сүсэглэх энэхүү уулсыг тайж тахиж рашаан усыг нь эм эмнэлэгт ашиглаж байсан тухай тодорхой дурдсан байдаг аж.
Монголын олон овог аймаг түрэг угсаатнаас аль эрт тахиж тайсаар байсны баримт хэрэглэгдэхүүн буй агаад хожуу үеийн баримт дурдахад 1585 онд мөнхүү уулыг Богд Очирваань хэмээн сүсэглэн дээдэлж байсан байна. Очирваанийн орон буюу Отгонтэнгэрийг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлиглаж тийн тахисаар ирсэн баримт буй.
НЭГЭН ЗҮЙЛ. Газар зүйн судалгааны үүднээс үзвэл Отгонтэнгэр уулыг дундад Азийн отгон галт уул хэмээн нэрлэжээ. Байдал зохисыг нь дахин эрхшээвэл өнгө нь хар хөхөмдөг баруун хойд биед оршдог бага Отгонтэнгэр уулын дөрөө хэмээх нь баруун гараа огторгуйд мандаан таван салаатай очир барьсан дүр илт. Ар биеийнх нь үргэлжлэл Хүрэн ороонго хэмээх уул зүүн гараа зүрхэндээ занасан байдал төгс. Зүүн урд чигийн Цаст хана хэмээх нь зүүн хөлөө жийсэн янз гиймэл.
Баруун бэлд нь Чулуут, Эрээн хэмээгдэх асга мод асаж бадмарсан уул барын арьс нөмөрсөн донжтой. Оргил зүмбэрийнх нь зүүн дор өглөө. Баруун дор орой галт нар титэмлэн манддаг нь гал ноцох мэт. Тийн Очирваанийн бүрэлбаа хэмээжээ. Уулын зүүн урд талд ханан тэгш хавтгай бий. Тийн баруун ширээ, өмнө зохист ханан тэгш хавтгай бий . Тийн Зүүн ширээ гэнэ. Лусын хаад хуримлан цэнгэдэг ордны нь хойморь энэ бүлгээ.
НЭГЭН ЗҮЙЛ. Отгонтэнгэр ууланд анх Жалханз хутагт долоон настайдаа өвөр тахилгатай буюу Бадархундагын зүгээс мацаж оргилоос доош хоёр зуун тавин метр орчим багцаанд жижиг овоо босгоод тайж тахиж байсан домог буй. Дөрөө буюу огторгуйд мандаасан очирт баруун гарт нь анх Жалханз гэгээнтэн заларч уулын дунд биеэс хэтэрч чадалгүй буцсан гэлцдэг.
Тийн анх хутагт хүн дөрөөлж мацсаны учир Дөрөө хэмээн нэрлэжээ. Очирваанийн баруун хойдтой Хатан бэйлийн даваа гэж бий. Эрт цагт хуйхуй нар Хошууч бэйсийн хошуунд түрэн орж ирэхэд хошууч бэйс хатнаа дагуулан мөнөөх асга хад асаж бадмарсан цавчим өндөрлөгөөр даваад зугтсан гэдэг.
Газар орны сүр хүч , уулын эрхшээлд ялагдсан хуйхуй нар давж эс чадаад үлдсэн гэдэг. Ийн Хатан бэйлийн даваа нэртэй болсон гэдэг домог буй. Очирваанийг тойрсон найман цэнгэг нуур бий. Гүн цэнгэг нуурууд тийн Очирваанийн найман тахилын билэгдэл болдог.
Уулын баруун хойд зүгт орших бага Отгонтэнгэр уулнаас эх авсан Эх Дээд, Дунд гялаан гэж буй. Үргэлжлэлийг нь Тагийн мараа гэнэ. Ар тахилгатай буюу Хатан бэйлийн даваанаас эх авсан Богдын голын эхний Дээд, Дунд, Доод гялаан, зүүн урд талд нь Даян чулуу, Дамар хайрхан, Хөх, Цагаан нуурууд арц вансэмбэрүүний үнэр сэнгэнүүлэн салхилах бөлгөө.
Очирваанийн өмнө этгээдэд Манхагтай ногоон байшинтын рашаан, Цамбагарав, Охиндойн хонхор, Хүрэл тогоот хэмээх гүн бишрэлт уулс бас бий. Таван зүйлийн арц өнгө үнэр сүлэлдэн анхилж вансэмбэрүү сэндэргиван, жонш,тугалга, заан авай, яажим, үсхийсэрэв, эрээн гомбо, манжинсэрэв, үхрийн нүд, хад,тошлой болоод халиун буга, ирвэс, шилүүс, янгир, хойлог, хур, ахун, хэрэм, тарвага гээд байгалийн төгс цогцлол энд буй.
Өвөр тахилгатай буюу Бадархундагыг Дилав, Жалханз, Нарбанчин хутагт хийгээд Отгон , Шилүүстэйн ардууд тахиж тайж Очирваанийн ганс уншуулж сүлд тэнгэрээ даатгадаг байжээ. Ар тахилгатай буюу Ар Бадархундагын зүгээс Богдын голынхон хийгээд Алдархаан, Улиастай, Идэр нутгийнхан тайж тахидаг хувь зохиолтой байжээ. Ар тахилгатай буюу Ар Бадархундаганаа 1919 онд морилон ахуйдаа Төвдийн лхаарамба Дармалочин Ганга мөрний садан ус хэмээн айлдсан нэгэн хууч ч бий.
НЭГЭН ЗҮЙЛ. Очирваанийн оронд таван зүйл арц дэлгэрнэ. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан наймдугаар сарын бороон дунд гэрэлтэнхэн ургана. Очирваанийн оргилд илхэн уулс нурууд бүгд хормой энгэргүй нөмөрч ургасан арцтай.
Энэхүү арц дорно дахинаар алдартай. Монголчууд эртнээс Отгонтэнгэрийн арц хэмээн дээдэлж сүслэж иржээ.
Үнэр, өнгө гойд. Хатаагаад нүдэж нунтаглах тусам тослогтоод үнэр нь улам хурц тод болдог. Бүдүүн гол мод ороон мушгирч ланз хээ лугаа дэлхийг хучиж ургадаг ийм арцыг ганцхан Очирваанийн орноос л залж болох буй за. Дээдсээс Очирваанийн шүншигтэй гэж үзэж ямар ч ном гүрмийг орлох чадалтай хэмээн гал голомт бие сэтгэлээ ариусган ариулах ажгуу.
Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг хатуу цээрлэнэ. Хэрэв авах шаардлагатай бол авдаг газраас нь ном гүрмийг уншуулж хормой дэвсэн сөхөрч суугаад гуйж авна. Үүнийг ганцхан өвгөд хөгшид л гүйцэтгэнэ.
Очирваанийн орны вансэмбэрүүг тэнгэрийн цэцэг хэмээн хүндэтгэн үзнэ. Цас мөс асга хад асаж бадмарсан торгон хяр, уулсын оргил шүтэн ургадаг энэ эрдэнийн хос цэцэг тарнийн цагаан солонго бүслүүрдсэн чухам л монгол хүнд тэнгэрийн ивээлээр заяасан цэцэг.
Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ хорь гучаараа үзэгдэнэ. Нутаг орныхон ихэр цэцэг хэмээнэ. Үнэхээр ч хосоор ургадаг, хүйн холбоотой амьд цэцэг бүлгээ. Зарим газар хорь гучаараа хос хосоороо хөтлөлцөн ургасан байх нь хот айлын чинээ газарт дүүрэн гэгээ дугуйруулан үзэгддэг.
Дэлбэгэр том том цагаан дэлбээт цоморлиг дундаа хүүхдийн зулай мэт зөөлөн бүлээн хүрэн толгойтой. Нас бие гүйцсэн нь гурван настай хүүхэд шиг өндөр. Атганд багтахгүй бүдүүн ногоон иштэй байх ажаам. Үндэснээс эхлээд ишээ дагаж уртсан ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй ,навч нь шүүслэг нойтон байдаг.
Манан будан хөллөж сэрүүн цас бударсан хангайн намар оройн догшин уянгат сарны гэрэлд шим шүүсээ жигдлэн, идэр гоёхон биеэ жавхайлган нас биед хүрдэг ийм үзэсгэлэнтийг Очирваань өөрийн билгэ, билгийн шидээр ургуулдаг бөгөөд очирт мутраараа адислан аравнайлсан байдаг болой.
Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн сор болгон тунгаар хэмжин зовлонтыг тэтгэн тэнхрүүлж ирсэн авай. Эдүгээд ч түүний шид чадалд итгэсээр…Оточ маарамбууд гуйж ,мөргөж авдаг ёс журам ч оршсоор билээ. Өдөр судрыг үзэж , авах вансэмбэрүүн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж нохойгоор татуулан эх газрынх нь хүйснээс тасалж авдаг сонин ёс дэгтэй. Нэг талаар тэнгэрт үзүүлэлгүй авдаг хэмээн хөгшид хэлцэнэ.
НЭГЭН ЗҮЙЛ. Отгонтэнгэр уулын урд биеийг барин нутагладаг Хошууч бэйсийн хошууны ард зон Отгонтэнгэр уултай нууц нэгэн шижмээр дөт болой. Энд энгүүхэн мөртлөө догшин үймээнт сэтгэлтэй, шар сахалтай хөх өвгөний тухай өгүүлье. Энэ нь эдүгээгийн Отгон сумын нутаг буюу Буянт голд төрсөн Жав хэмээх Шагдар юм. Эрийн янз билиг шингээсэн хүн байжээ. Цэц булаах, үг хэлний урныг таниулахад гойд эр байжээ.
Дууч ерөөлч Шагдар 1846 оныг тохион Баян Авир гэгч хүний хоёрдахь хүү болон мэндэлсэн гэдэг. Багын цовоо сэргэлэн тэр хүү ерөөл магтаалын үгийг амархан цээжилдэг бас эвлэгхэн дуулдаг байжээ. Хорь гаруйхан насандаа дууч алдар олж найр наадамд уригддаг болсон төдийгүй өөрөө дуу зохиож ая оруулан дуулах буюу үзсэн харснаа түгдрэлгүй ерөөдөг болжээ. Зүйр санаа, цэцэн үгээр зөрүүд улсыг ч номхотгодог байж.
Иймээс хошууны эрх бариачид өөр бусад хошуудтай нутаг ус булаалдах, хулгай зэлгийн ац будлиан таслах зэрэгт Шагдарыг хошуу чуулганд оролцуулдаг байжээ. Тэр үедээ сайн эрстэй нүүр учран дотносож унаа хөл залгуулан тэдэндээ зориулсан дуу, магтаал зохион зоригжуулж ч байжээ.
“Өргөн хөх огторгуй
Өнжин хонон шуурна
Өөрийн мэдэлтэй ч болоосой
Өнжүүлээд хонуулаад явуулах юмсан” гэх мэтээр дуулж хайлсан нь бий. Жав ер бус амьдралтай, ер бус цолгин үймээнт сэтгэлтэй эр байсан аж.
Тэрбээр ертөнцийг орхихынхоо өмнөхөн эр бие богиносч эрхэс уул минь үлдлээ. Хан тэнгэртээ харц биеэн өргөөд одъё хэмээн сэтгэлээ дэлдэн Отгонтэнгэр уулынхаа тухай гучин гурван бадаг дуу зохион дуулсан гэдэг.
Эдүгээ тэр дуу нь Очирваанийн орноо хамгийн хүндлэлт ерөөл бүрдмэл дуу болон дуулагддаг. Билэгт цогт өвгөд минь цөөрөхийн хэрээр бидэнд бас бадаг шад нь гээгдсээр долоон бадаг нь үлджээ. Энэхүү авшигт дуугаа зохиохдоо Жав Отгонтэнгэрийн зэргэлдээх Баян -Уул гэдэг өндрийн орой дээр арван найман өдөр гарч ийш тийш дурандан сууж хайлсан гэх домог буй.
“Барааны холоос харахад
Баатар Чойжингийн шинжтэй
Баруун талынх нь асганд
Барсын зулзага зөрөлдөнө
Зулай дээрээс нь харвал
Зонхова бурхны байдалтай
Зүүн талынх нь асганд
Зүр гур тоглоно
Дунд биеийг нь харвал
Дугана сүмийн байдалтай
Дугариг цагаан цас нь
Дуралзан гийж харагдана… гээд л эгшиглэнэ.
Бишрэм уран шүлэглэл, донж төгс уран аялгуу, шөрвийсөн шар сахалтай хөх өвгөн ,тунгалаг цагаан уул…Энэ бол ер бус учирлал. Энэ дуу зохиогдоход Дилав хутагт, Нарванчин гэгээд гурав дахин засч дуулуулсан гэдэг. Жав уулын шүлэгч болой. Жав уулын аялгуу зохиогч болой. Найр наадам эхлэхэд хөгшид залуус их найрал хоолойгоор аялгуулна. Туйлын тэнгэрлэг аялгуу билээ л.
Магад зөвхөн уулынхан л дуулж чадах тийм аргил түрлэгт хөх өнгөт аялгуу юм. “Оройн чимэг” гэж дууг нэрлэнэ. Шагдар гуайг ная гаруй настай байхад нь Нарванчин гэгээний хийдэд шинэ дугана мялаах найр наадамд түүнийг урин авчирч дуулуулахад хоолоогий нь гүйцэх хүн цугласан олны дотор байгаагүй гэдэг.
НЭГЭН ЗҮЙЛ. Монгол түмний сэтгэл оюун, сүсэг бишрэлийн ариун хүрээ сэтгэш үгүй нигүүлсэхүйн их сан Мэгжид Жанрайсиг их шүтээнд энэхэн замбу тивийн хосгүй гайхамшигт их мэргэдийн оюун ухааны эрчим хүч, номын рид чадал, ариун гэгээн үйлсийн адистэд жанлав бүрэн цогцлон шингэсэн билээ.
Очирваанийн орон буюу Отгонтэнгэрээс энэ их шүтээнд адис авшиг залсан ерөөл эдүгээ бүдгэрсэнгүй. Замбутивийн гайхамшигт чимэг энэ орноос мөнх ногоон арц дээжилсний зэрэгцээ мөнхүү их Жанрайсиг шүтээн залрах сүмийн дээд асрын тулгуурын үүрэг гүйцэтгэж буй их шүтээний нандин зүйл болох 24 метрийн урттай залгаасгүй дөрвөн баганын нэгийг Отгонтэнгэр уулнаас залж ирсэн түүх буй.
Монгол нутгийн тахилга ерөөлт олон газар лусад Очирваанийн орноос шид, нууц тарнийн увьдас залсан нь бас цөөнгүй. Үүний нэгэн тухайтад Монгол орны зүүн бие болох Дарьганга нутгийн амь шүтээн болсон Алтан Овоо хэмээх тахилгат ууланд Отгонтэнгэрээс сорогшин залсан ерөөл бий. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Төрийн тахилгат Алтан Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш даруй гурван зуу гаруй он улирчээ.
НЭГЭН ЗҮЙЛ. Энэтхэг, Түвд болоод монгол газар шороон дээр төрсөн олон хутагт хувилгаад энэ Цагаан уултай ямар нэгэн сэжмээр холбогддог бөгөөд ойрын нэгээхэн жишээ бичиглэвээс манай оронд сууж байсан элчин Бакула Ренбүчи нутаг буцахын өмнөтэй нисдэг тэрэг хөлөглөн Очирвааньд бараалхана гээд ниссэн бөгөөд нисдэг тэрэгний цонхоор Отгонтэнгэр буй биеэрээ харагдах газарт хүрэхэд цонхоор ганцхан удаа харчихаад Очирваань амьд дүрээрээ байж байна.
Буух хэрэггүй гээд гороо эргэчихээд буцсан гэдэг.
НЭГЭН ЗҮЙЛ. Бадархундага нуурыг Бяхар сахиусны орон хэмээн үзнэ. 2008 онд Далай ламын чойжин Түвдэн готов хувилгаан Бадархундаганаа заларч хүндэтгэл бишрэлээ илэрхийлсэн зан үйлийг үйлджээ. Тэрбээр өгүүлэхдээ Бяхар сахиусны хүчийг Төвдүүд эндээс хүртсэн учир бишрэн хүндэтгэдэг учиртай.
Монголчууд одоо ч цэнхэр хадгийг эрхэмлэсээр байгаа нь Бяхар сахиусны уламжлал тасраагүйг илтгэнэ хэмээн айлдсан нь бий. Энэ нутаг оронд Бяхар, Бяхаржалбуу нэртэй хүн олон бий. Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нэрийг Бяхар гэсэн үгнээс гаралтай гэх яриа ч буй.
НЭГЭН ЗҮЙЛ. Очирваанийн арцаар аргадал мандааж сангийн судрыг урьж байна. Отгонтэнгэр тэргүүтэнд сан тахил өргөх ёс, есөн хүслийн сайн буяны хур буулгагч хэмээх энэхүү судрыг доод төрөлхт хувилгааны нэр баригч ханчин Агваанпэрэнлэйжамц нутаг орны лам хуврагуудын хүсэлтээр зохион талбиж байжээ. Энэ эрдэмт хувилгаан одоогийн Завхан аймгийн Отгон сумын Цагаан бургас гэдэг газар төрсөн гэгээнтэн юм.
Олон уул, усны сангийн судар, “Тод сарны гэрэл сургаалийн үгс” хэмээх төрст ёсны гурван боть ном, Богд хааны түүх зэрэг зохиол бүтээл туурвисан хувилгаан билээ. Түүний зохиосон сангийн судрыг эрдэмтэн О.Сүхбаатарын буулгаснаар сүсэгтэн таны таалалд барихад сайхан байна.
Аяа Васуу.Асар тийн удирдагч мянганы аугаа хүчтийг үл хоцроох
Асар олон зүйл номхотгогдохууныг номхотгох хилэнт биет
Асар ялгуусан хүчний эрх баялагт нууцын эзэн
Асар тодорхой номлол бүтээлээ арвитгахын тулд ажирагтун
Умар зүгийн эд баригч аугаа их хот мандлын төвд
Уг газрыг баригч олон нөхдөөр огоот хүрээлүүлсэн мэт
Арван буяны бэлгэ төгс болор сүмбэр уулнаас
Ариун орныг сахигч Отгонтэнгэр ажрагтүн энэ орноо
Аливаа эд, идээ төгс эдлэлийн есөн хүслийн хур буусан мэт
Аху эл газар дээрхи буй бүхнийг эрхшээхийн ид хүчтэн
Бага Богд хэмээн алдаршсан цаст уулнаа оршсон
Бадрангуй өлзий хутагийн цогт аймгийн нөхөд залрагтун
Басхүү их тэнгэр таны бэрх хатуу их хүчин
Баялаг Мянган сүмбэр уул, ЦэцэрлэгБаянзүрх, Хөх энгэр тэргүүтэн уулсын
Байгаа мянган шивдаг нь залрагтун.
Бадархундага, Баянбулаг болон
Бахдалт Цагаан,Хөх,Хар нуур
Баялаг Буянт болон Ширээ чулуут
Бас бус ус,далайн лусууд
Байршиж энэ орноо ажирагтун.
Цагаан тохой,Тасын суудал хийгээд
Ботго балгатай лугаа Чандмань
Урт юмбүү,Цагаан булан тэргүүтэн
Уужим тал зүгийн савдаг энэ орноо ажирагтун
Тэрчлэн газар ус,найлзуур модон хад,чулуу
Тэтгэгч цөөрөм бүрд ,нуур далай,амны усны булаг
Тэргүүр зам хад асга, зүлэг ногоо,уул тал ,даваа гүвээ
Тэдгээрт суугаа орон зүгийн шивдаг энэ орноо залрагтун
Өөрийн өмнөдөд ,самдийн хөрөнгөөр байгуулсан
Өчнөөн үзэсгэлэнт ордон мэт тэгш баяслын төвд
Өлзийт эрдэнийн тавцант ширээнээ ас асдаа заларч
Өгөөмөр баясгалангийн эгшгээр өнидийн ёсоор ажирагтун
Өөрийн сэтгэлийн самдийн хөрөнгөөр бүтсэн бодтой бэлдсэн
Өөдлөх сэтгэлээр хувилгасан тахилын зай
Өөр тангарагийн эд, жансиг, элдэв эд сангийн чуулганыг
Орон газар, завсрын үзэгдэл ,огоот аливаа бүгдэд өргөмү
Үнэнхүү билгэ билгийн гал бадарсны төв дунд
Үнэрт сангийн элдэв эд зайг шатаан хөгжөөснөөр
Үлэмж их утаан үүл огторгуйд түгсэн үүгээр
Үе завсар,дээд,доодын зочид баясан ханах болтугай.
Язгуур үндэсний багш ядам,тэнгэрсийн чуулган
Ялагч баатар,дагинас,чойжин,сахиусан эхийн чуулган
Ялангуяа аугаа хүчит эрх баялагт очрыг баригч
Ялгуугсан зарлигын үйлч, эдийн эзэн нөхөд сэлтийг сагная.
Ба бүрни болоод үйлсийн хүсэгдэхүүнийг машид гийгүүлж
Бас урьд төрлийн үес энэ насны барилдлагыг үгтээсэн
Бадралт их тэнгэр Отгонтэнгэрийн ачлалыг санан
Байгаа тэнгэр,лус савдаг, бодинарын нөхөд сэлтийг сагная.
Товчилбаас минийхийлэн ачилсны орон нутаг
Товлон суугаа газар хад чулуу,орд харш
Толгод тал,ус гол тэргүүтнээ оршсон
Тоот амьтны язгуур хамгийг сагная
Адбиш цувиралгүй билэг билгийн амгаланг үүсгэх чадалт
Ахуй их дээдийн энэхүү сан тахилыг өргөснөөр
Ачлалт егүзэрийн эзэн, эрдэм тахил, нөхөд сэлтийг
Алгасалгүй өдөржин шөнөжин авран сахигтун
Хүчирхэг монголын орон хийгээд онцолбоос энэ газарт
Хүн малын өвчин , хүчирхийлэл,хямрал тэмцэл
Хуйхуй хулгай ,дээрэм тонуул ,хуцах улих араатны хор хөнөөл
Хуудуутай муу харш нөхцөлийг хуу цөмийг хариулан урвуул
Арван газрын мөсний цаг
Аугаа хүйтэн , хур цас хийгээд
Газар нутгийн шимийг булаах
Халуун гэрлийн энэлгэ
Ган, зуд хяруу мөндөр
Хамаг язгуур бүгдийг
Хүний жилийн махбодийн сайн үрд
Хүслээр зохируулж дэлгэрүүлэн зохио
Амьтан хүмүүний амийг булаах
Тангаргын буг,өвчний эзэн
Адуу малын амийг хулуух
Гарлагын буг нэгэн нүдтэн шулам
Амт шимтэй идээг долоох
Газрын есөн ах дүү тэргүүтэн
Алиаваа бүрэлгэн үйлдэгчийг
Амьтны орноос зайлуулан зохио.
Хур усан цагтаа бууж
Үр тариа, мод ургамал ургаад
Хүний язгуур үндэс дэгжин
Дөрвөн хөлт мал тэргүүтний
Үржин арвидахын ам дэлгэрээд
Идээ ундаа,сүү тараг бүхэн
Идэр зуны далай мэт арвижихын
Эрхин үйлсийг эгнэгт зохиогтун.
Хураангуйлбаас тус амгалан гарахуйн орны
Хутаг өлзийт ялгуусны шашин
Санасан хүссэнээр өргөжин дэлгэрч
Самдийн өлмий батдан, номын явдал арвидаг.
Эндэх нутгийн эзэн бидний
Эрдэм тахил ,хуврагийн аймгуудын
Эвсэлдэн зохилдохуйн
Нөхцөл, санасан хэргийг
Эгнэгт бүтээх хань хамсааг зохиогтун…”
Отгонтэнгэр хайрханы тахилгатай уялдуулан тэрлэсэн дараах тэмдэглэл: Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж