Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаар зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 14 үүрэг, даалгавар өгснөөс 78.1 хувийн биелэлттэй байна. Хурлын эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлж буй ажлууд болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн удирдлагуудад мэдээллээ. Баянгол дүүрэг 231 мянган оршин суугчтай бөгөөд үүнээс 142 мянган иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Дүүргийн хэмжээнд 8642 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан бол сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор нийт багш, ажилчдын 45 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна.
Хотын дарга хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хийж, хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхнаас авлаа. Ерөнхий боловсролын сургуулийн цахим бүртгэл 41.7 хувьтай үргэлжилж байна. Харин 12-15 насны хүүхдүүдийн 55.9 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулаад байгаа юм. Мөн нийт багш, ажилчдын 53.6 хувийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан. Сургуулийн автобуснуудыг өнгөрсөн долоо хоногоос үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд 91.02 хувьтай үргэлжилж байна.