Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, өнөөдөр Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Ихэнх нутгаар үүлэрхэг.
Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо үргэлжлэн орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
НАЙМДУГААР САРЫН 23-27-НЫ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
Маргааш буюу наймдугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо уулаараа нойтон цас орно.
Мөн энэ сарын 25-нд нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна.
Салхи наймдугаар сарын 23-нд говь, талын нутгаар, 24, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ