Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр Баянзүрх дүүргийн 84-р сургууль дээр элсэлтийн ерөнхий шалгалтын үйл явцтай танилцав.
Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил нийт 40,420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд байгуулна. Өнөөдөр хуваарийн дагуу Монгол Улсын түүх, англи хэлний хичээлийн шалгалт боллоо. Энэ жил цар тахалтай холбогдуулан шалгалт зохион байгуулах байрыг нэмэгдүүлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа нийт төгсөгчдөд амжилт хүсэхийн зэрэгцээ “Цар тахлын эрсдэлтэй үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна.
Багш, сурагчдын вакцинд хамрагдалт өндөр хувьтай байгаа нь хичээл, сургалтыг эхлүүлэхэд түлхэц боллоо. Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд ирж байна. Хамтдаа хичээцгээе” хэмээн уриалсан юм.
Цар тахлын энэ үед элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдүүд саадгүй оролцох боломжийг бүх талаар бүрдүүлж байна. Шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдсэнээс гадна эдгээр өдөрт шалгуулагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна. Мөн халдвар илрээд эмчилгээнд байгаа хүүхдүүдээс ирэх есдүгээр сарын 2-5-нд шалгалт авахаар зохион байгуулжээ.
2019 оноос хойш шалгалтын дүн оноо, явцыг шилэн технологи ашиглан шууд үзүүлж, мэдээлдэг болсон билээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах газар