Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой ихээр орж ирж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байсан. Тэгвэл энэ сарын 2-нд могойд хатгуулсан иргэн дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 6-нд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Иргэн Б нь ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах Маршалын гүүрний орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голд сэлж байгаад зүүн гараа могойд хатгалжээ. Улмаар хэд хоногийн дараа гар нь хавдаж, ГССҮТ-д хүргэгдэн гараа тайруулсан боловч хор нь бүх биеэр нь тархсан тул өвчнөө даалгүй энэ сарын 6-ны өдөр нас барсан байна.
НБОГ-аас Бамбай хоншоорт могойд хатгуулвал яаралтай эмнэлэг очих дараах сэрэмжлүүлэг:
Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна.
Ерөнхий шинж:
Биеийн урт 70 орчим см
Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
Хүүхэн хараа нь босоо.
Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу. Хэрэв та нийслэлд энэхүү могойтой таарвал дараах мэргэжлийн байгууллагад хандан мэдээлэл өгөөрэй гэсэн юм.