-Хуулийн байгууллагын бартаат замаар бүдчсээр одоо л үнэний нар ёлтойж байна-
Хэнтий аймгийн төвд 2017 онд бүлэг этгээд 24 настай бүсгүйн амийг зэрлэгээр хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан байдаг. Улмаар хэрэг мөрдөн шалгах шатанд алдаа гарч, зарим нотлох баримт алга болж, шүүх эмнэлгийн дүгнэлт ч эргэж буцсаар таван жилийн дараа Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч хэргийг тогтоосноор шүүхэд шилжүүлжээ. Хохирогчийн эгч Г.Ганчимэг хэвлэлд анх удаа ярилаа.
-Тэр өдөр юу болсон юм бэ?
-Миний дүү 2017 оны арваннэгдүгээрс сарын 15-нд Хэнтий аймгийн төвд бусдын гарт амь насаа алдсан байдаг. Дүү минь тухайн үед ой гарантай хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхэдтэй байсан. Гэтэл цагаан сүүг нь ээдүүлж, бүлээн нулимсыг нь үерлүүлж, халуун цусыг нь юүлж харгис хэрцгийгээр бүлэглэн тамлаж, зовоон тарчилгаж амийг нь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд өнөөдрийг хүртэл наранд сул чөлөөтэй явж байна. Энэ хэрэгт холбоотой гурван залуу байдаг.
Тухайн үед гэртээ байсан дүүг минь хэн нь утсаар дуудаж авч гарсныг бид мэдэхгүй. Дуудаж аваачаад бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хүчирхийлж, эмэгтэй хүний далд байдаг эмзэг нарийн эрхтэнг болох сав, үтрээний хүнхрээг урж гэмтээснээр цус алдалтын шоконд орж амиа алдсан юм билээ. Хэрэв анхны тусламж үзүүлсэн бол хожим хүүхэд төрүүлж чадахгүй ч амьд үлдэх боломж байсан гэж эмч нар хэлдэг.
Хамаг цусаа юүлж, цус алдалтын шоконд орж үхэх хүртэл эмч дуудаж анхны тусламж үзүүлээгүй гэхээр маш хэрцгийгээр тамлаж, тарчилгаж алсан байгаа байхгүй юу. Би тэднийг минийг дүүг бүлэглэн хүчирхийлээд аминд нь хүрсэн гэж хардаг. Дараа нь хэргийн газрыг цэвэрлэж, талийгаачийн бүх хувцсыг тайлж угааж өмсүүлэн ул мөрөө баллаж, хэргийг хаалгах оролдлогыг удаа дараа хийсэн. Тэр байтугай цогцсыг нууя, Хэрлэнгийн бургасанд аваачаад булчихъя гэж хоорондоо ярьсан байдаг.
Хэргийн газрын цус болсон шалыг дутуу угаагаад орхисон нь хавтаст хэрэгт авагдсан зургуудаас харагддаг. Анхнаасаа тодорхой ийм гэмт хэргийн үнэн мөнийг олох гэж ар гэр, төрөл төрөгсөд бид олон жил хууль, шүүхийн байгууллагаар явлаа. Бусдыг бидэн шиг ингэж битгий хохироосой, хуулийн байгууллагууд гэмт хэргийг илрүүдлэхэд хугацаа алдаж, иргэдийг битгий чирэгдүүлээсэй гэхдээ энэ ярилцлагыг өгье гэж бодлоо.
-Ингэж удаасан шалтгаанаа хуулийнхан юу гэж тайлбарлав?
-Хэрэг гурван мөрдөн байцаагч, гурван прокурорыг дамжсан. Мөрдөн байцаах шатанд прокурорын хяналтад олон жил болоход хэрэгсэхгүй болох, гэмт хэрэг биш гэж үзэх, хаагдах зэрэг олон зүйл тохиолдсон. Эмэгтэй хүнд үтрээ гэж байдгийг мэдэхгүй шүүх задлангийн эмч таарч байлаа. Цагдаа нь хохирогчтой хүнлэг бусаар харилцаж хохь чинь гэхийг сонслоо.
Хуулийн мэдлэггүй, үрээ алдаж сэтгэл нь хямарч ядарсан өндөр настай ээжийг минь загнаж уйлуулж байгаад хэргийг хаахаар гарын үсэг зуруулсан явдал гарсан. Задлангийн ширээн дээрх цус арчсан гэрийн бүрээсний даавууг хог гэж хаяснаас өгсүүлээд нэг бус нотлох баримт алга болсон. Гэмт хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч нь “Гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс хонь, 200 мянган төгрөг өгнө гэж байна, яах вэ. Ийм зүйлийг дамжууллаа” гэж ярьсан.
Хэрэг мөрдөн шалгаж байгаа хүний хувьд хохирогчийн ар талыг өрөвдөж сэтгэл зовниж ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гэмт хэрэгтэн мөрдөгчөөр дамжуулж, хонь, 200 мянган төгрөг өгнө гэж хүртэл доромжилж байгаа юм уу, даапаалж байгаа юм уу.
Хамгийн сүүлд 2020 оны зургадугаар сард улс даяар цар тахлын хөл хорио тогтоосон, дээрээс нь УИХ-ын сонгууль болж байх үед бидэнд алгын чинээ цаас ирсэн нь “Хэргийг хаалаа, гомдолтой бол гурав хоногийн дотор өөрийн биеэр ир” гэсэн. Өөрсдөө болохоор шүүхийн дүгнэлт 21 хоногт гарна, ажлын 14 хоногт шийд хэлнэ гэх атлаа иргэдийн боломжгүй үед, цар тахлын хөл хорионд, айдас хүйдэс дунд байхад “Гурав хоногт багтаж ир” гэж байгаа юм.
Хариу өгөхдөө “судалж байна, ажиллаж байна” гээд өчнөөн уддаг атлаа биднийг очиход хэргийг хаасан байсан тул Улсын мөрдөн байцаах газарт хандсанаар гэмт хэрэгтнүүдийг ч, онц ноцтой хэрэг мөн болохыг ч тогтоож шүүхэд шилжүүлээд байна.
Миний бие Улаанбаатарт амьдардаг. Ээждээ нэмэр болж, дүүгийнхээ өнчин үлдсэн охиныг өсгөж, хэргийн араас Хэнтий аймаг руу ирж очин таван жил явахад ажил хийх боломжгүй, ямар ч орлогогүй болсон. Гэмт хэрэгтнүүд намайг барьж аваад зодож цохиж, янз бүрийн байдал үзүүлээгүй ч миний бие болон манай гэр бүлийг давхар хүчирхийлэлд оруулсан.
Өнөөдөр миний үс унаж сийрэгжин, нойргүйдэлд орж, өмнө байсан хууч сэдэрч, шинэ өвчнүүд нэмэгдэж дархлаа унасан. Намайг ийм байхад настай ээж минь ямар байх вэ. Ажил хийх боломжгүйгээс манайх эдийн засгийн хямралд сөхөрсөн. Дүү минь хүсээгүй хэргийн хохирогч болж амиа алдсанд ард нь үлдсэн ах дүү, төрөл төрөгсөд бидний амьдрал харамсал, цөхрөлийн далайд тэр чигтээ живсэн.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт яагаад өөрчлөгдөөд байсан юм бол?
-Анхны дүгнэлт нь гадны нөлөөтэй гэж гарсан. Дараагийнх нь тун бүрхэг. Хамгийн сүүлд газрын хэвлийд оршуулсан шарилыг нь ухаж гаргаад эксмутаци буюу бүхий л эд, эс, эрхтэн болгоноор нь дахин шинжилгээ хийлгэсэн. Талийгаачаа бид ядаж шарилыг нь хөндөхгүй нөгөө ертөнц рүү тайван явуулж чадалгүй таван жилийн нүүрийг үзсэндээ үнэхээр харамсч байна.
Үг хэлдэгсэн бол дүү минь “Та нар минь даанч яав даа” гэх байх. Эксмутаци хийсний дараа “Бичлэгтэй нь танилцъя” гэхээр байхгүй болчихдог. Тэгээд өөрсдийнхөөрөө хоёр хуудас юм бичээд өгдөг. Хөндлөнгийн хяналт, нарийн мэргэшлийн эмч нарыг оролцуулдаггүй. Хэрэв бичлэг байвал эмч нарт хандаад зөвлөгөө авч болох ч тийм зүйл байдаггүй нь харамсалтай санагдсан.
Гадны улс орнууд цаана нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж байхад наад өрөөнд хохирогч, хууль ёсны төлөөлөл нь өмгөөлөгчийн хамт суугаад дэлгэцээр харж шаардлагатай хэсгүүдийг татаж томруулж үздэг юм билээ. Гэтэл техник, технологи хөгжсөн эрин зуунд манай улс энэ ажиллагааг маш болхи байдалд, хөшигний ард бүрхэг явуулдаг нь эмгэнэлтэй. Үүнийгээ яаралтай өөрчлөөсэй.
Эцэст нь үнэн мөнийг тогтоолгоход юунд харамсч байна вэ гэвэл бид талийгаачийнхаа оршуулгын зардлын хэдэн төгрөгийг л гэмт хэрэгтнээс гаргуулах, эсэх дээр тулж ирж байна. Хэрэг хийчихээд хэчнээн жил зугаалсан гэмт хэрэгтнүүд ингээд зогсч байгаа нь энэ төрийн эмгэнэл юм.
-Хуулиар энэ асуудлыг шийдэж өгдөг биз дээ?
-Хүн гэмт хэргийн хохирогч больё гээд болчихдоггүй. Өвчин ч адил, би өвдчихъе гэх хэн байх билээ. Өвчин хийсч ирдэг. Гэмт хэргийн хохирогч болох түүнтэй л адил. Өөрөө хүсээгүй байхад гэмт хэргийн хохирогч болсны төлөө ах дүү төрөл төрөгсдөө хүртэл амьдын зовлон, ял зэмд унагадаг юм байна. Энд ямар тогтолцоо үгүйлэгдэж байгааг биеэр туулсны хувьд хэлэхэд Монгол Улсад гэмт хэргийн хохирогч болсон хүмүүст үзүүлэх сэтгэл санааны болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг бодитой тооцдог болох хууль хэрэгтэй байна.
Эрүүгийн хуульд аливаа төрлийн гэмт хэргээс учирсан хохирол хийгээд хор уршгийг тооцох тухай 2.5-д нь заасан байдаг юм билээ. Гэвч амьдрал дээр энэ асуудал шийдэгдэггүй юм байна. Миний бие дүүгийнхээ араас, гэмт хэргийн үнэн мөнийг олох гэж таван жил мятрашгүй хөөцөлдөж, өчнөөн төгрөгийн зардал гаргаж, эрхэлдэг ажлаа орхиж, цалин орлогогүй болж хохирсон. Шүүхэд хандахад таны асуудал хэрэг маргаантай хамааралгүй, үүнийгээ иргэний журмаар нэхэмжилж болно гээд орхичихдог. Иргэний журмаар хандахаар өч төчнөөн баримт нэхдэг юм байна.
Яг үнэндээ е-баримт гээд байгаа тэр цаасан дээрх бичилт 14 хоноод бүдэгрээд арилчихдаг юм байна. Тэгэхээр таван жилийн дотор баримт болж үлдэх боломжгүй. Эцэст нь би юуг онцолж хэлэх гээд байна гэвэл Монголын хуулийн байгууллагын хэрэг бүртгэл, мөрдөн шалгалтын ажиллагаа асар удаашралтай явагддаг юм байна. Мэдээж прокурорын хяналт дор явагдаж байгаа гэх боловч олон талын хүчин зүйл байна. Мөрдөн байцаалтыг хянаж буй прокуроруудын ур чадварт дэвшил гаргах ёстой.
Нэгэнт бодитой хаана болсон, эзэн холбогдогч нь тодорхой хэрэг дээр янз бүрийн ажиллагаа явуулж байна, явуулна гэсээр өчнөөн жил өнгөрдөг нь харамсалтай. Хугацаа сунгаад яваад байдаг, өнгөрснийг эргээд харахад гэмт хэрэг үйлдэж, миний дүүгийн алтан амийг хөнөөсөн бүлэг этгээд таван жил юу ч болоогүй мэт наранд зугаалсан байна шүү дээ.
Энэ тэгээд шударга ёсонд нийцэх үү. Энэ ариун явдал гэж үү. Энэ хооронд эхийгээ алдсан нялх үр нь мөөмөө нэхэж хэчнээн сар жилээр гансарч уйлж, зовлон дунд хүн болохын төлөө тэмцэн бэтгэрч байна Энэ бүхнийг харж байгаа өндөр настай ээж болон эргэн тойрны хүмүүсийн элэг зүрх урагдаж, цээжнийхээ махыг барна гэдэг шиг аюул зовлон дунд амьдрал үргэлжилж байна.
Гэтэл нөгөө хүмүүс хэргээ шалгуулж байгаа, шалгаж байгаа нэртэй өнө удаан жилийг барах юм. Эцэст нь энэ хүртэл тууштай яваагүй бол хэрэг хаагдаж, гэмт хэрэгнтүүд ял завшиж бид хохироод дуусах байлаа. Хөрөнгө мөнгөтэй, хэлтэй амтайнууд, эсвэл эрх мэдэлтэй алба тушаалтнуудад нь илүү үйлчилдэг гэсэн үг байдаг, би сонсч байсан. Гэхдээ бодит амьдралд тийм юм байна гэж хардахаас аргагүй замыг тууллаа. Ийм зовлон бусдад бүү учраасай.
-Иргэд ийм хэрэг тулгарахад хэнд, хаана хандахаа мэдэхгүй сандардаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүн ер нь аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоход хууьч, өмгөөлөгч, хуулийн байгууллагынхнаас зөвлөгөө, мэдээлэл авах нь чухал юм байна лээ. Бид өөрсдөө сэтгэл санааны уналтад орж хямарч юу хийхээ мэдэхгүй мухардалд орчихдог. Манайхан бүгд шокийн байдалд орсон, одоо ч хүнд байна.
Хуулийн гаргалгааг мэддэг, мөрдөн шалгах ажиллагааг хурдавчлуулах талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй. Бас хандсан болгон тууштай явдаггүй юм байна. Өнгөрсөн хугацаанд бид олон өмгөөлөгчийн нүүрийг үзсэн. Ихэнх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсвэл хэргийг прокурор хаасан гэсэн шийдвэр гарахад “Би өөр юу хийх билээ. Эрх мэдэл бүхий прокурор нь хэргийг ингэж шийдлээ шүү дээ” гээд орхиод явчихдаг юм байна.
Хохирогч бидний зүгээс бол хэргийн эцсийг үзтэл явах итгэлийг харж хүлээдэг. Эцэст нь цөхрөнгөө барах мөчид бид хэргийг хянаач, шалгаач гэж олон газарт хүсэлт өгсөн. Ингээд Улсын мөрдөн байцаах газраас хянаж, шалгаж дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, энэ хэргийг, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг баттай олж тогтоож авсан юм билээ.
Ер нь бол орон нутгийн цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний хүчин чадлыг чадавхижуулах, техник, тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй нь харагдсан. Гэмт хэргийн араас шуурхай ажиллаж, нотлох баримтыг хугацаа алдахгүй баримтжуулж, дүрсжүүлж, бэхжүүлж авах тал дээр үнэхээр манайх хоцрогдолтой явааг бид мэдэрсэн. Төв газартаа бол арай учиртай юм байна. Зарим асуудалд маш нууцын зэрэглэлтэй гүйцэтгэх ажиллагаа хүртэл явуулж байгаад гэмт хэрэгтнүүдийг өнө удаан жил ял завшиж явсныг нотолж тогтоосон юм байна гэж би хувьдаа ойлгосон.
Ингээд хэрэг Улсын мөрдөн байцаах газар шалгагдаж, энэ хооронд БЗД-ийн прокурорын хяналтад байгаад БЗД-ийн шүүхэд шилжсэн. Тэндээс буцаагаад Хэнтий аймаг руу харъяаллын дагуу шилжүүлсэн. Нэг талаас буцаагаад Хэнтий аймаг руу шилжүүлэхэд нь “Тэнд хэрэг үүсгэхгүй олон жил дарсан даа” гэж сэтгэл жаахан гонсгор байгаа боловч эцсийн мөчид би монгол төрийн шүүхэд итгэж байна.
Үнэн бодитой хандаж, гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх байх гэж найдаж байна. Яагаад гэвэл саяхан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Гэмт хэрэгтний талаас өндөр төлбөр төлж олон өмгөөлөгч авсан юм билээ, Улаанбаатар хотоос. Тэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан байсан. 5-6 жилийн нүүр үзсэн хэргийг буцаана гэдэг нь замхруулах, хэрэгтнүүд яаж сугарч үлдэх вэ гэсэн санаа зорилго байсан байх. Хэнтий аймгийн шүүгч хэргийг нэлээд бодитой үндэслэлтэйгээр харж, мөрдөн байцаалтад буцаах биш шүүхэд шилжүүлсэн. Одоо бидэнд монгол төрийн шүүхдээ итгэж найдах эцсийн найдвар үлдлээ.
Цаг хугацааны эрхээр худал ч гэсэн үнэнд гүйцэгддэг юм байна. Ядарч зүдэрч явахад хуульч, өмгөөлөгчийн туслалцаа маш хэрэгтэйг би дээр хэлсэн. Хамгийн сүүлд Улсын мөрдөн байаах газар дээр аргаа бараад “Надад өмгөөлөгч авах мөнгө алга. Зарим өмгөөлөгч асар өндөр үнэ хэлэх юм. Бид таван жил явлаа, байдгаа барлаа, одоо яах вэ” гэхэд “Манай дээр эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн хэргүүд дээр пробон өмгөөлөл хийнэ” гэж хүсэлт өгсөн өмгөөлөгч нар байдаг гээд Ринзааны Булгамаа гэдэг өмгөөлөгчийн утасны дугаарыг өгсөн юм.
Тэр хүнтэй холбогдоход намайг хүлээж авч ямар ч байсан мөрдөн байцаах ажиллагааны шатанд замхарч байсан хэргийг сэргээн бодитой үр дүнд хүргэхэд багаараа тусалж байгаад нь баярлаж байна. Мөн Шүрэнчимэг гэдэг өмгөөлөгч тусалж байгаа. Орчин цагт юм бүхэн үнэтэй. Гэхдээ өөрийн үнэт цагийг хүний төлөө гэсэн сэтгэлээр бусад зориулан ажиллаж байгаа хүн ховор. Олон дотор сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэдгийг миний дүү тэнгэрээс харж байгаа байх.
Үнэний гэрэл гялтайх зүгт шударга ёс ирэх нь гэдэгт бид ч итгэлтэй болсон. Өндөр настай ээжийн минь даралт байнга хэлбэлздэг байснаа сүүлийг үед тогтворжлоо. Хүн гэдэг сэтгэлийн л амьтан юм байна. Энэ дашрамд ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж хуулийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа ажилтнуудад талархал илэрхийлье. Тэвдэж явахад дэм болсон бүх хүнд баярлалаа.
Хохирогчийг хамгаалахад хуульч, өмгөөлөгчийн орон зай асар чухал юм байна. Дүү минь босоод ирэхгүй ч эрхийг нь хамгаалахын төлөө, өмнөөс нь үг хэлэхээр сэтгэл гаргаж яваа өмгөөлөгч нартаа баярлалаа. Орон нутагт өөрсдийн зардлаар очиж, үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлэх хүн одоо цагт ховор. Тиймээс олон хүний сэтгэл хүчээр үнэн мөн тогтоогдох байх гэж найдаж байна.
Хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаа удаан явсан ч эцсийн мөчид төрд тангараг өргөсөн эрхэм шүүгч нар үнэн мөнийг олж харж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэвэл ард нь үлдсэн өнчин охинд нь “Монголын төр хуулийн дагуу гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэсэн юм шүү” гэж хэзээ нэгэн цагт хэлэх үгтэй үлдэхсэн гэж хичээсэн ар гэр, ах дүүс бидний хүсэл биелэх байх. Бас УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайдад хэлмээр зүйлүүд ч байна.
-Тэр нь юу билээ?
– Хүчин мөхөсдөх, амьдралд цөхрөх үе олон тохиосон ч өнөөг хүртэл би нэг ч удаа хэвлэлд хандаагүй. Нойргүй болох, хань ижил, хайртай ээжийгээ зовж байгааг харах хэцүү байсан. Эцэст нь хэлэхэд гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааг хурдан болгоосой.
Орон нутгийн мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байвал Улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг байгуулдаг шигээ төвөөс хариуцлагатай албан хаагчид явуулж ажиллуулдаг байвал сайнсан. Ингэвэл иргэдийг чирэгдүүлэхгүй. Орон нутгийнхан асар их ачаалалтай ажилладаг, зарим нь хэрэг дээрээ төөрөөд манан будан шиг давхиж яваа нь ч харагддаг.
Тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг байгаасай. Би энэ хэрэгт ажилласан мөрдөгчдийг муу гэсэнгүй. Заримдаа ажлын ачаалал нь амаргүй байдаг юм уу гэж би эерэгээр хүртэл харж хүлээж авч байсан. Хэрэв тэд болдог л байсан бол миний дүүгийн амиа алдсан энэ хэрэг таван жил хүлээж цөхрөх бус нэг жилийн дотор шийдэгдэх бололцоо байсан л байхгүй юу.
Гэтэл таван жилийн дараа Улсын мөрдөн байцаах газар ажлын хэсэг гарган шалгаж байж үнэнийг тогтоолоо. УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд хохирогчоос гадна хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг зардлыг тооцож олгодог, тухайн гэмт хэрэгтнээс гаргуулдаг хууль эрхзүйн орчныг бий болгоосой. Нийгмийн болоод иргэдийн амьдралын шаардлагыг олж хараасай. Магадгүй тэр хүмүүст ийм зовлон бэрхшээл таардаггүй учраас тэд мэддэггүй байхыг үгүйсгэхгүй. Гэтэл мянга мянган ийм иргэд байна шүү дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин