Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна.
Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ.
Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, өдгөө чөлөөт бүсийн дотор 237, чөлөөт бүсийн хашаанд 1250 тээврийн хэрэгсэл байгаа аж.
Өдгөө Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн 3 дахь замыг өнөөдрөөс нээж эхэлсэн бөгөөд ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Ийн өдөрт тогтмол 100-120 автомашин, 100 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол байна.
Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа. “Хэдхэн компанид давуу эрх олгож, дур зоргоороо үнэ тогтоодог жолооч нарыг хараад суугаад байлгүй шаардлагатай тохиолдолд төр оролцож, жолооч болон тээврийн хэрэгслүүд гаргаж ачаа тээврээ татан авах болно” хэмээн онцолсон юм.