Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /07.29/ боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан юм. Үндсэн хөрөнгийн менежментийн систем гэдэг нь авто замын засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай, стратеги зорилтын хүрээнд авто замын чанар байдлын түвшнийг дээшлүүлэх урт хугацааны менежментийн бодлого юм.
Тус бодлого нь үндсэн дөрвөн хүчин зүйлээс бүрддэг бөгөөд цогцоор хэрэгжүүлснээр авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх боломжтой. Уг системийг нэвтрүүлж чадвал авто замын засварын ажлыг үр ашгаар нь эрэмбэлэн, тухай бүрд нь ээлжит засвар хийснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэх юм. Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг.
Үүний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийх, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна. Зам засварын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зам хариуцагч компани бий болгох шаардлагатай бөгөөд төрийн өмчийн байгууллага эсвэл хувийн хэвшлийн байгууллагын аль нь ч байж болно гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа.
Харин зам хариуцагчтай менежментийн гэрээ хийх ба сонгон шалгаруулалтыг санхүү болон туршлага дээр үндэслэн хамгийн багадаа гурван жилээр гэрээ байгуулах юм. Нийслэлийн авто замын засварын ажлын төлөвлөлтийг чанар байдлын түвшин, хагарлын шалтгаан болон засвар арчлалтыг үндэслэн боловсруулснаар одоо байгаа авто замын сүлжээний засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг бүрдүүлнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС