Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Долдугаар сарын 22-28-ны хооронд тус дугаарт нийт 1274 дуудлага ирж, 1200 дуудлагад буюу 94.1 хувьд амжилттай үйлчиллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.44 минут байна.
Үүнээс УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 11 буюу нийт дуудлагын 0.9 хувийг эзэллээ. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 54 иргэн хандаж автомат хариулагчаас 18, оператор ажилтантай холбогдон 36 иргэн мэдээлэл авсан байна.
Дархлаажуулалтын цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Мөн есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс өмнө вакцины I тунд хамрагдсанаар хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтох болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа.
Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. 12-17 насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТех комернэти вакцины I тунд хамруулж байгаа.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ