Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн цагаараа өнөөдөр (2021.07.30) Улс төрийн намын хууль, Шүүхийн тухай хуультай холбоотой УДШ бүртгэлийн асуудал болон Архангай асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Өмнө нь хоёр ялтан нэгнээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулаад л гүйж байсан. Тэр үеийн Хууль зүйн сайд, одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Энэ ямар бузар булай, аймшигтай зүйл вэ” гээд л халаглаж суусан.
“Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ ЭНТЕРТАЙНМЕНТ, ПИ-АРЫН ЗАСГИЙН ГАЗАР”
АН-ын дэд дарга О.ЧУЛУУНБИЛЭГ:
-Үе үеийн Ерөнхий сайдууд өөрийн Засгийн газраа байгуулж, албан бусаар Засгийн газартаа нэр өгдөг. Жишээлбэл, шинэчлэлийн Засгийн газар, эвлэлийн Засгийн газар гэх мэт. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ямар бодлоготой, нэртэй гэдэг нь огт тодорхойгүй. Хийж байгаа үйл явдлуудыг харахаар энтертайнмент, пи-арын Засгийн газар байна. Бодлогын шинэчлэлийг ярихаас илүүтэй гоё реклам, клип, сошиал троллуудаар ажлаа хийж байна.
Гэтэл эдийн засаг хэрхэн хямарч, иргэд яаж амьдарч байгаа билээ. Монгол төрийн бүх стандарт доошоо уналаа. Нэг журам, хаалга барьчихаад “Агуу бүтээн байгуулалт, ажил хийчихлээ” гэж сурталчилдаг. Ард түмний амьдралыг сайжруулах ажлаа хийгээч ээ. Энэ чигээрээ явбал Монгол Улсын эдийн засаг түүхэнд байгаагүй уналтад орлоо.
Ардчилсан намд Улс төрийн намын хуульд өөрийн санал бодлоо оруулах, хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдрийн улс төрийн намууд бүх нөөцөө шавхсан. Цаашдаа шинэчлэгдэхгүйгээр явах ямар ч боломжгүй. Ганц гарц нь Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх юм. Тэгэхээр тоглоомын дүрмээ шинэчилье. Хамгийн багадаа 10-15 зүйлийн суурь шинэчлэлийг хийх ёстой гэж харж байна.
Нэгдүгээрт, улс төрийн намууд гишүүнчлэлгүй болох. Хоёрдугаарт, улс төрийн бүх намууд баруун, зүүн үзэл баримтлалаараа ялгарах ёстой. Гуравдугаарт нам өмчгүй байх ёстой. Дөрөвдүгээрт, төрийн шийдвэр гаргаж байгаа өмчтэй холбоотой үйл ажиллагаанаас хол байх ёстой. Тавдугаарт, хамгийн олон итгэл үнэмшилтэй хүмүүсийг намдаа нэгтгэдэг байх ёстой. Ерөнхийдөө намын хатуу гишүүнчлэлээсээ татгалзаж, дэмжигч гишүүнтэй болох ёстой. Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй МАН 200 орчим мянга гэж байгаа. Ардчилсан намын гишүүдийн ихэнх нь үнэт зүйлээ нэгдсэн байдаг. Эдгээр гишүүдээс хэн нь татвараа төлөх юм, хэн нь дэмжигч гишүүн байх вэ гэдгийг зохицуулна.