Ирэх аравдугаар сард УИХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль болно. Хотын дарга Д.Сумьяабазар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мандат дээр Сонгинохайрхан болон Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуульд улс төрийн намууд хэнийг сойх вэ гэдгээ эртнээс төлөвлөсөн.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хуваагдан орж, түүхэндээ авч үзээгүй бага саналаар ялагдсан АН айсуй УИХ-ын нөхөн сонгуульд ч хоёр талаас нэр дэвшигч тодруулахад бэлэн болчихсон сууж байна. Хуваагдал, хагарлынхаа бурууг бусад руу чихэж, нийгмээ хагалан бутаргахаа шахсан АН-ын улс төрчид өнөөдөр ээлж дараалан гарч ирж мэдэгдэл хийлээ.
Энэ нь цаг үеийн шинжтэй мэдэгдэл гэхээсээ илүү АН-аас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийн мандатыг аль тал нь өвөртлөх вэ гэсэн өрсөлдөөний эхлэл болж байх шиг байна. Зарим эх сурвалжууд зөвхөн Хэнтийн тойрогт гэхэд С.Эрдэнийн тал Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэх гэж байгаа бол О.Цогтгэрэлийн тал М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа талаар ч мэдээлж эхэлжээ.
-АН-ын нөхөн сонгуулийн тамга атгах өрсөлдөөнийг чимээгүй эхлүүлсэн хоёр талын байр суурийг дор товчлон хүргэж байна-
С.Эрдэнэ: Хууль ёсны эрх бүхий Ардчилсан нам үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг шүүхийн тогтоол гарсан. Ер нь бол Монголд хуулийг гуйвуулах, үл хэрэгжүүлэх, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, хуульгүй мэт аашлах асуудал ердийн мэт болсон.
Х.Сонинбаяр гэж шүүгч бол Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдон, шалгаж байгаад буцаж албан тушаалдаа томилогдсон бөгөөд улс төрийн ямар нэг үйл ажиллагаанд ашигласан байх магадлалтай гэж миний хувьд хардаж байна. Өнөөдөр ч Улсын бүртгэлийн гэрчилгээ С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр хэвээрээ байгаа. Бид хуулийн дагуу намын дүрмийн дагуу дараагийн Ардчилсан намын даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч бүртгээгүй. Өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгчдийн гаргаж байгаа энэ үйлдлүүдийг хараад гайхаж байна.
Ардчилсан намын хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаанд саад учруулж, хууль бус аргаар тэмцэж байгаа бүхэнтэй бид тэмцэх болно. Нэн тэргүүнд АН өөрт учирсан хохирлыг арилгах, эрх бүхий албан тушаалтнуудын зориудаар хийсэн АН-ын эв нэгдлийг устгах, үйл ажиллагааг саармагжуулах хэсэг бүлэг хүмүүстэй тэмцэх болно гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийж:
Б.Пүрэвдорж: Ардчилсан намыг нэгтгэх, нэг даргатай, тамгатай болгох зорилгоор онц их хурлыг хуралдуулахаар 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах үйл явц амжилттай өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянган гишүүн гарын үсэг зуржээ.
Зарим аймаг дүүрэгт дунд шатны хурган дарга нар гарын үсэг зурахыг бойкотлож байгаа. Гарын үсэг цуглуулж буй гол зорилго бол дээрээ дарга нар эв нэгдэлгүй байж болно. Хамгийн гол нь гишүүд эв нэгдэлтэй байгаа гэдгийг харуулах зорилготой.
Хоёрдугаарт, аравдугаар сарын 10-ны өдөр болох нөхөн сонгуулийн хуулийн хугацаа дөхөж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар АН хоёр нэр дэвшигчийг СЕХ-д өгсөн. Үүний үр дүнд нэг нь нөгөөдөө “дэгээ” тавих замаар сонгуульд хариуцлагагүй оролцож, таван хувийн санал авсан.
Энэ нөхцөл байдал их хурлын нөхөн сонгуульд дахин давтагдах нь. Нөхөн сонгууль бол АН-ын эргэн сэргэх гол цэг. Маш хариуцлагатай оролцох ёстой. Наймдугаар сарын 10-ны өдөр намууд СЕХ-д албан бичгээ өгөх ёстой. Гэтэл АН дахиад хоёр албан бичиг өгөхөөр болж байна. Эв нэгдлээ хангаагүй байна.