АНУ-ын засаг захиргаа цэцэг өвчний ховор төрөл болох сармагчны цэцэг өвчин туссан хүнтэй хавьтсан байж болзошгүй 200 гаруй хүнийг 27 мужаас эрэн хайж байна.

Долоодугаар сарын эхээр энэхүү халдварт өвчнөөр Нигериэс ирсэн Техас мужийн оршин суугч өвчилжээ. Албан ёсны мэдээллээр энэ нь АНУ-д 2003 оноос хойш сармагчны цэцэг өвчин гарсан анхны тохиолдол юм байна.

Сармагчны цэцэг өвчний дэгдэлт Төв болон Баруун Африкийн бөглүү хэсэг, халуун орны бороон ойн ойролцоо үе үе гардаг. АНУ-д илэрсэн өвчтөний тухайд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн, өөр халдвар авсан гэх тохиолдол одоогоор АНУ-д бүртгэгдээгүй байна.

АНУ-ын ЭМЯ-ны Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв одоогоор Нигериэс долоодугаар сарын 9-нд халдвар авсан эрэгтэйтэй хамт ирсэн хоёр онгоцны зорчигчидтой холбоо тогтоогоод байгаа аж.

Энэ эр Лагос хотоос Жоржия мужийн Атланта хот руу нисэж, дараа нь Атлантагаас Техасын Даллас хотдоо ирээд эмнэлэгт хэвтжээ. ЭМЯ-ны төлөөлөгчид уг зорчигчтой ойрын хавьтал болсон хүмүүсийн эрсдэлд үнэлгээ хийх гэж байгаа боловч өвчин тархсан байх магадлал тун бага гэж үзэж байна. Учир нь онгоцны салонд байсан бүх хүн амны хаалттай байсан гэдгийг мэдэгджээ.

Сармагчны цэцэг өвчний вирус хар цэцэг өвчний вирустэй ойролцоо. Гэхдээ тийм ч халдвартай биш бөгөөд үхлийн аюул багатай. Өвчин салхин цэцэг шиг хөнгөн хэлбэрээр үргэлжилж, хэдхэн хоногийн дараа шинж тэмдэг нь өөрөө арилдаг аж. Гэхдээ Баруун Африкт халдварын зарим дэгдэлтийн үеэр нас баралт 10%-д хүрдэг аж.

Сармагчны цэцэг өвчин хэрхэн дамждаг вэ?

ДЭМБ-ын мэдээллээр сармагчны цэцэг өвчин халдвар авсан хүнтэй шууд бус хавьтлаар дамждаг гэнэ. Вирус арьсны шарх шалбархай, эсвэл агаар дуслын замаар, хамар, ам, нүдээр дамжин хүний биед ордог. Халдвар авсан сармагчин, харх, хэрэм эсвэл халдвартай гадаргууд хүрэх, орны цагаан хэрэгсэл буюу хувцас зэргээр хүнд дамжиж болно.

Өвчний шинж тэмдэг

Өвчний эхэн үед халуурах, толгой өвдөх, нуруу, булчин өвдөх, бие сулрах шинж илэрнэ. Дараа нь халуун буурах ч нүүрнээс эхлэн биеийн бусад хэсэг, тэр дундаа гарын алга, хөлийн уланд тууралт гарна. Тууралт маш их загатнуулдаг. Үүний улмаас хуурайшиж, шархлах магадлалтай.

Хэдийгээр энэ нь ховор төрлийн өвчин ч АНУ-д 2003 онд дэгдэлт гарч байсан гэдэг. Тухайн үед 47 батлагдсан тохиолдол гарсан нь тус улсад зөөвөрлөгдсөн ирсэн хархнуудтай холбоотой гэж үзэж байв.

2019 онд сармагчны цэцэг өвчний вакцин боловсруулан гаргасан байдаг. Энэ вакцин нь уг өвчний дэгдэлтээс гадна энгийн салхин цэцэг өвчнөөс ч сэргийлдэг аж. Гэвч сүүлийн жилүүдэд Төв болон Баруун Африкийн орнуудад энэ өвчний дэгдэлт үе үе гарч байна.

Эх сурвалж: ВВС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн