Ойр ойрхон давтагдаж буй газар хөдлөлтүүд төв суурин газрууд, нийслэлийн оршин суугчдад болгоомжтой байх, оршин сууж байгаа орон сууцны барилгууд нь найдвартай юу, үгүй юу гэдгийг нягтлах сануулгыг өгч байгаа. Нийслэлд баригдсан хуучны барилгуудаас гадна сүүлийн 10 гаруй жил барилгажилтыг даган өссөн орон сууцны хороолол, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн барьсан оффисын барилгууд найдваргүй болохыг мэргэжлийн байгууллагууд үе үе зарладаг ч тэгсхийгээд мртагддаг.
Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан 1937 барилга байдаг бөгөөд үүний 1413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга байна. Одоогийн байдлаар дээрх барилгуудын 658-д нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, орон сууцнуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 93, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-ийг нь ашиглахыг хоригложээ. Үүн дээр хувийн хэвшлийн барилгуудыг нэмэх юм бол найдваргүйд тооцогдон, ашиглах боломжгүй жагсаалтад орсон барилга 340-өөр тоологддог байна.
2014 болон 2016 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын Улсын байцаагч нарын гаргасан ашиглахыг хориглосон барилгын жагсаалттай энд дарж танилцана уу. Энэ нь МХЕГ-ын албан ёсны сайт юм.