АТГ-д шалгагдаж байгаа хэргийн 72.2 хувийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг эзэлж байна

Авлигатай тэмцэх газарт 2021 оны эхний хагас жилд 181 авлигын хэрэг бүртгэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулахдаа мэдэгдэв. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний хагас жилд авлигын 181 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 (1.6%)-аар буурчээ.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад хахууль өгөх гэмт хэрэг зургаа (27.3%)-гаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг долоо (77.8%)- гоор буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Бүртгэгдсэн 181 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад
- 140 (72.2%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
- 33 (17%) нь хахууль авах гэмт хэрэг,
- 16 (8.2%) нь хахууль өгөх хэрэг,
- 2 (1%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 3 (1.5%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.
Харин зургаадугаар сард 37 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 12 (48%)-оор өсжээ.
Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас өсөхөд
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7 (35%)-гоор,
- Хахууль авах гэмт хэрэг зургаа (3 дахин)-гаар, хахууль өгөх гэмт хэрэг тав (6 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн аж.
Үндэсний статистикийн хороо