Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ хоёр өдрийн чуулганы эхний өдөр үйл явдлаар дүүрэн байв. Тодруулбал, 2026 оны өвлийн Олимпын наадмын хөтөлбөрт уулын цанын төрөл багтсан бол самбогоос гадна өөр 5 төрлийн спортыг наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 100 гаруй жилийн түүхтэй Олимпын уриаг өөрчилжээ.
ОУОХ–ны чуулган 7 дугаар сарын 23-нд болох Токиогийн Олимпын наадмаас өмнө ийнхүү болж байна. Наадмын бэлэн байдлын асуудал нь чуулганы үеэр хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг байсан юм. Олимпын хөдөлгөөн өнгөрсөн онд наадмыг хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн билээ.
Энэ талаарх шийдвэрт ОУОХ–ны тэргүүн Томас Бах тайлбар өгөхдөө, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан наадмыг цуцлах нь зохистой байсан хэдий ч тамирчдад тэмцээндээ оролцож, мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох нь ОУОХ–ны хувьд илүү чухал байсан юм гэжээ.
Олимпын наадмыг дахин зохион байгуулахаар болсноос үүдэлтэй зардлын хэмжээ 15.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наадамд зориулагдсан анхны төсвөөс 22 хувиар илүү байсныг ОУОХ хожим нь мэдэгдсэн байна. Зохион байгуулагчид аюулгүй орчинг бүрдүүлэх асуудалд гэхэд л 900 сая ам.долларыг нэмж зарцуулсан байна.
Шинэ уриа
ОУОХ, Наадмыг зохион байгуулах хороо, Японы эрх баригчид зэрэг сонирхогч талууд ажил үүргээ уялдуулж чадсанаар наадмыг хойшлуулах, цар тахлын нөхцөлд явуулах нарийн төвөгтэй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх боломжтой болсон юм. Тэдний ийнхүү чамбай ажилласныг бэлгэдэн Олимпын уриаг шинэчилжээ.
Олимпын уриа “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” гэж байсныг “Хамтдаа хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” болгож өөрчлөхийг ОУОХ–ны чуулган санал нэгтэй дэмжив. “Спортод төдийгүй энгийн амьдралд чамайг тойрон хүрээлж буй баг хамт олонгүйгээр чи илүү хурдан, өндөр, хүчтэй байх боломжгүй гэдэгт урианы гол санаа оршиж байна” гэж ОУОХ–ын албан ёсны төлөөлөгч Марк Адамс мэдэгдсэн байна. “Уриаг шинэчилсний учир нь чи илүү хурдан байхыг хүсвэл бие даах боломжтой ч түүнээс ч илүү цаана нь гарахын тулд хамтдаа байх хэрэгтэй гэдэгт оршино” гэж тэрбээр мөн тайлбарлажээ.
Анхны уриаг орчин үеийн Олимпын наадмыг үүсгэн байгуулагч Пьер де Кубертен санаачилж, 1894 онд Олимпын конгресс баталж байжээ. Энэ уриаг анх 1924 онд хэрэглэж байсан аж.
Эх сурвалж: TASS, МОНЦАМЭ