ОБЕГ алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцанд хамруулахаар 2016 онд Амгалан дахь 063 дугаар аврах гал унтраах ангийн хашаанд 512 айлын орон сууцыг бариулахаар 2016 онд гэрээ хэлэлцээр хийжээ. ОБЕГ-ын төслийн хэрэгжүүлэх тендерт “Их мандуул” нэртэй компани ялсан ч тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон бусад баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн нь илэрчээ. Ингээд орон сууцны барилгыг Бээжингийн барилга байгууламж барьж угсрах, тусгай зөвшөөрөлтэй “Шонхорын хүсэл” нэртэй компани барилгын ажлыг гүйцэтгэж байсан юм байна.
Орон сууцанд орох хүсэлтэй алба хаагчид урьдчилгаа мөнгөө төлснөөс хойш 5 жил өнгөрсөн хэдий ч орон сууц ашиглалтад орсонгүй. 512 айлын орон сууц 90 хувийн захиалгатай. Зуун хувь төлбөрөө төлсөн 130 гаруй хүн байгаа аж. Гай гамшиг, аюул осолтой хамгийн түрүүнд нүүр тулдаг аврагчдын орон сууц захиалгатай холбоотой маргаан 5 жил дамнан яригдаж байна.
2020 онд ОБЕГ-ын Барилга захиалагчийн тасгийн дарга, хошууч Т.Галбадрах гэдэг хүн олны өмнө ил гарч “Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Энэ барилгаа 2020 ондоо багтааж ашиглалтад өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Барилгын ажлыг хувиар дүгнэж хэлбэл 70 хувьтай явж байгаа. Бид хувиа харин ч доош татаж хэлж байгаа хэрэг шүү. Барилгын ажилд цаг хугацаа шаардлагатай” хэмээн яриад алга болсон.
ОБЕГ-ын алба хаагчдын ар гэрийнхэн өнөөдөр (2021.07.21) Амгалан дахь 063 дугаар аврах гал унтраах ангийн хашаанд баригдаж буй 512 айлын орон сууцны барилгын гадаа эсэргүүцэл үзүүлүүллээ. ОБЕГ-ын удирдлагууд орон сууцны төслийн асуудлаар ярихаа байгаад дуугаа хураажээ. Тэд алба хаагчиддаа “Бид орон сууцны барилгаа бариулна, та нар хүлээж бай хэмээн хуураад 5 жил болж байгаа аж.
Орон сууцны төслийг гэрээг хийсэн хүн нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал Т.Бадрал. Одоо энэ хүн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа. Орон сууцанд захиалга өгсөн аврагчдын ар гэрийнхэн төслийн талаарх гомдлоо Нийслэлийн Засаг дарга болон Ерөнхий сайд нарт гомдол гаргасан ч хариу өгөөгүй байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 512 айлын төслийг хэрэгжүүлэгч компани барилгын ажлаа гүйцээхээр энэ зун материал татсан ч 5 лифтээ өрөнд алдсан, орон сууцны байрнуудын хаалгууд чанарын шаардлага хангаагүй материалтай байна гэсэн мэдээллийг аваад байгаа аж.
ОБЕГ 512 айлын орон сууцны төслөө 5 жил гацааж, аврагчдаа хохироож байна.