Их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Шалгалтад зориулж улсын хэмжээнд 81 байрыг бэлдэж, нэг танхимд шалгуулах хүүхдийн тоог 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангажээ.
БСШУ-ны яамнаас ЭЕШ-ыг дахин хойшлуулахгүй байх бодлого барьж байна. Хэдийгээр улсын хэмжээнд Covid-19 халдварын тоо буурсан статистик мэдээ ирж байгаа ч Монгол Улсад “Дельта” хувилбар бүртгэгдсэн учраас шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих хэрэгтэй.
Наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулагдах ЭЕШ-ын үеэр халдвар авсан болон тусгаарлагдсан сурагчдын шалгалтыг есдүгээр сарын 2-5-ны хооронд дахин зохион байгуулах бодлого барьж байгаа. Ингэхдээ их дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудын хичээлтэй уялдуулан уян хатан зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.