Их хэмжээний аадар бороо хэд хоног дараалан орсны улмаас Хятадын төвийн бүсийн Хэнань мужид үерийн гамшиг нүүрлэжээ. Үерт нэрвэгдсэн мужийн 10000 гаруй иргэнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байна.
Үер эхэлснээс хойш нийт 12 хүн амиа алдсан тухай Зэньжоу хотын захиргаа мэдээлжээ. 94 сая хүн амтай Хэнань мужийн олон хотын гудамж, талбай усанд автаж, агаарын тээврийг зогсоосон байна. Үерийн гамшиг нь дэлхийн цаг уурын дулааралтай холбоотой гэж судлаачид дүгнэжээ.
Хэнань мужийн Луоянь хотод байдаг аварга том далан хэзээ мөдгүй сэтрэх аюултай болоод байгааг албаныхан мэдээлсэн байна. Далангийн орчимд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг ажиллуулахаар дайчилжээ.
Хятадын сошиал ертөнцөд Зэньжоу хотын метро усанд автаж, зорчигчдыг олсоор татан гаргаж байгааг харуулсан дүрс бичлэг тарсан байна. Сүүлийн гурван хоногт Зэньжоу хотод орсон борооны хэмжээ нь жилийн турш унадаг хур тунадастай тэнцэж байгаа гэнэ. Хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.