Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.
Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна.
Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн оршин сууж байгаа орон байрны халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгаандаа хөнгөлөлт авах юм.
Хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
Харин нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга хамтран жил бүр шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасан байна.
Мөн журамд хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангасан байх, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны өр төлбөргүй байх зэргийг ч тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.