Баруун Европын орнуудыг хамарсан хүчтэй аадар бороо гол мөрний усны түвшинг нэмж, үер болон хувирсан нь Белги, Герман зэрэг орныг хүнд байдалд оруулж, 120 орчим хүн амь насаа алдаад байна. Үерт нэрвэгдсэн хот, сууринтай харилцаа холбоо тасарсан нь хүмүүс сураггүй болоход нөлөөлсөн бөгөөд зарим жижиг тосгод бүхэлдээ сүйрсэн гэнэ.
Германы Засгийн газар аврах ажиллагаанд 15 мянган цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдыг дайчилсан бол Ахрвейлер дүүрэгт сураггүй болсон хүний тоо 1300-д хүрээд байна. Албаны хүмүүс сураггүй болсон хүний тоо дахин хэдэн арваар нэмэгдэж хохирлын хэмжээ цаашид өсөхөөр байна хэмээн мэдэгдэж байна.
Нидерланд, Люксембург, Швейцар улсад ч гол, нуурууд үерлэж эхэлжээ. Голуудын усны түвшин нэмэгдэж савнаасаа хальж байгааг уур амьсгалын өөрчлөлтөөс шалгаалсан гэж үзэж байна. Дэлхийн цаг агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн эрин эхлэх үеэс хойш даруй Цельсийн 1.5 хэмээр нэмэгдээд байгаа.
Бельгийн Ерөнхий сайд Александер Де Кру долдугаар сарын 20-ны өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ. “Бид хохирлын тоог эцэслэн тогтоогоогүй байгаа ч манай улсын түүхэнд тохиосон хамгийн том үерийн гамшиг гэдэг нь тодорхой байна” гэж тэр мэдэгджээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа эрс бууруулах шаардлагатай байгаа. Хэрвээ эрх баригчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол үер, ган гачиг зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтамж цаашдаа улам нэмэгдэх аюултайг эрдэмтэд анхааруулж байна.