ЭМЯ өнөөдөр 11:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаа Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэн гэж мэдэгдэв. “Covid-19 халдварын оргил үед зургадугаар сарын 20-ны үеэр ажиглагдсан бол одоогоор буурах хандлагатай байна. Ялангуяа сүүлийн зургадугаар сарын давалгаанд өвчлөлийн 45 хувь нь орон нутагт, 55 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Энэ нь өмнөх давалгаатай харьцуулахад аймаг орон нутагт өвчлөл илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амын 4.2 нь шинэ коронавирусын халдвар аваад байна.
Он гарснаас хойш 3.4 сая иргэнд PCR шинжилгээ хийсэн. Хүн амын хөл хөдөлгөөн сүүлийн долоо хоногт бага зэрэг ихэссэн ч халдварын тархалт буурсан байна” гэлээ. Баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн ихэссэн нь орон нутагт өвчлөл нэмэгдэж болзошгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.