Эрүүл мэндийн яам өнөөдөр Засгийн газрын хуралдаанд цар тахлын нөхцөл байдал өмнөх хоногуудтай харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч байгаа гэсэн мэдээллийг өгчээ. Өмнө нь нийт шинжилгээний 26 хувьд эерэг хариу гарч байсан бол сүүлийн өдрүүдэд нийт шинжилгээний 19 хувьд нь эерэг үзүүлэлт илэрч байгаа гэнэ.
Хүнд болон хүндэвтэр өвчтний тоо тодорхой хэмжээгээр буурч байгаа нь эмчилгээний зөв тактик баримталж байгаатай холбоотой гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд Энхболд өглөө. Мөн вакцинжуулалтын үр дүн тодорхой хэмжээнд гарч байна. Тодруулбал 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 16 хувьд хүрч байсан бол өнөөдөр 8 хувьд хүртэл буурсан. Монгол Улсын нийт хүн амын 4.2 нь шинэ коронавирусын халдвар аваад байна. Дэлхийн орнуудад энэ тоо 8 орчим хувьтай байгаа. Энэ нь дархлаажуулалтын ажлын үр дүнтэй холбоотой гэдгийг ЭМЯ онцолж байна.
Гэхдээ ард иргэдийн хувьд тайвшрах цаг болоогүй. Улс орнуудад коронавирусын мутацид орсон хувилбарууд идэвхитэй тархаж байна. Тухайлбал, тархалтын хурд өндөртэй Дельта хувилбар дэлхийн 111 оронд тархаад байгаа. Тиймээс халдвар, хамгааллын дэглэмээ цаашид үргэлжлүүлэн хэвшүүлэхийг УОК болон ЭМЯ-наас анхааруулж байна.
Коронавирусын эсрэг вакцин дельта хувилбарын 20-30 хувийг сааруулж байна гэсэн судалгааг танилцууллаа. Монгол Улсын хувьд дельта хувилбар тавдугаар сарын дундуур зөөвөрлөгдөн орж ирсэн ч тархалтыг хумин эмчилсэн. Манайд Альфа хувилбар 90 хувьтай эрчимтэй тарсан гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.