Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн өдрүүдэд үер усны осолтой холбоотой цөөнгүй дуудлага иржээ.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг.12 дугаар хорооны “Задгай”-д долдугаар сарын 12-ны өдөр зургаан хүн Туул голын эрэг дээр зугаалж байснаас нэг хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 13-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны харьяат иргэн М/19 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
Долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар “Нисэхийн хадан хясаа” гэдэг газраас “Шувуун фабрик” гэдэг газар хүртэл 100 км-т завиар, 3.5-4 метрийн гүнд 67 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:34 цагт зогсоосон. Долдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хороо, “Адам Ева” хөшөөний харалдаа “Туул” голын хойд салаанд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 10:25 цагт очиход нэр, хаяг тодорхойгүй, 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлж өгсөн.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. Нэгдүгээр хороо, Баянцагааны даваа гэдэг газар долоон хүн зугаалж байснаас “Туул” голд хийлдэг гудсан дээр дөрвөн хүн хөвж байгаад гудас нь хөмөрч нэг хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн М/21 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:05 цагт иргэн М-ын цогцсыг олж, тус дүүргийн Шүүхийн шинжилгээний тасагт шилжүүлж өгсөн.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. Зургадугаар хороо, “Их хуралдай” амралтын газрын ойролцоо “Туул” голд нэг хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 18:57 цагт очиж Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны харьяат иргэн П /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 км-т завиар урсаж, 10 удаа шумбасан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:15 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, Загас үржүүлгийн хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Төв аймгийн харьяат иргэн Э /20 настай, эрэгтэй/ нь хийлдэг завиар нуурын усанд зорчиж яваад завь нь холбирч живсэн байсан тул иргэн Э-ийн цогцсыг мөн өдрийн 22:38 цагт 9 метрийн гүнээс олж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн байна.
Иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж, гол усны аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: ОБЕГ