Нас барсан хүмүүсийг гэрээс нь зөөж буй гал сөнөөгч, хүчилтөрөгчийн хангамж муутай эмнэлэг, хямралын маш хүнд цаг үеийг даван туулж байгаа ард иргэд энэ бол Индонезид шинээр гарч ирсэн дүр зураг юм. Тус улсад одоогийн байдлаар 2.7 сая гаруй халдвар авсан бөгөөд энэ долоо хоногт л гэхэд өдөр тутмын дээд амжилтын тоо 50 мянга давсан нь Индонезийг Азийн хамгийн шинэ Ковидын төв болгоод байна.
Өндөр хурдтай тархаж байгаа Ковид-19-ын “Дельта” хувилбар тус улсыг сүйтгэж бүр хямралд оруулаад байгаа бололтой.
Вираван бол Жакарта хотын гал сөнөөгч боловч гал түймэртэй тэмцэхийн оронд түүнд Ковидын хохирогчдын шарилтай харьцах даалгавар өгчээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд тэр болон түүний багийн долоон нөхөд бүгдээрээ ковидоос хамгаалах тусгай бүрэн хувцас өмсөж байгаа бөгөөд цогцосуудыг гэрээс нь зөөж, оршуулах ажлыг хариуцаж байгаа аж.
Түүний хэлснээр, нас барагсдын олонх нь гэртээ ганцаараа байхдаа нас барсан. Энэ нь магадгүй яаралтай эмчилгээнд хамрагдаж чадаагүй эсвэл эмнэлгүүд буцааж өгсөнтэй холбоотой юм гэв. Нас барсан хүмүүсийн талаар ихэнхдээ талийгаачийн хөршүүд бидэнд “Энэ хүн өөрийгөө тусгаарлалтын үеэс хойш харагдсангүй” гэж дуудлага өгч мэдэгддэг. Дараа нь тэд нас барсан гэдгээ олж мэддэг. Ийм зүйлийг бид өдөр бүр харж байна гэж тэр хэлэв.
Хамгийн эхний тохиолдлын үеэр тэрээр өдөрт хоёроос гурван удаа оршуулга хийдэг байв. Одоо түүнд өдөрт 24 хүртэлх оршуулгын дуудлага ирдэг бөгөөд энэ нь түүний хийж чадахаас ч их ажил юм.
Индонезийн Ковидын хямрал 5-р сараас эхэлсэн. Энэ үед Eid баярын үеэр дотооддоо зорчихыг хориглосон шийдвэрийг дор хаяж 1.5 сая хүн эсэргүүцсэний дараа хүнд байдалд оржээ. Гадаадаас ирсэн зочдод хорио цээрийн шаардлага тавих нь бас сул байсан. Индонез улс олон улсын нислэгээр ирэх зорчигчдын урсгалыг хэзээ ч зогсоогоогүй бөгөөд саяхан 8 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд тус улсын хил хязгаар нээлттэй хэвээр байхад вирусыг хянах боломжгүй хэмээн мэдэгдсээр байсан ч тус улсад зөвхөн сонгогдсон гадаадын иргэд нэвтрэх боломжтой гэж албаныхан үзэж байсан юм. Индонезийн албан ёсоор амиа алдсан хүмүүсийн тоо одоогоор 70 мянга гаруй байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт өдөр бүр Ковидийн гарт 1000 орчим хүн нас барж байна. Гэсэн хэдий ч олон хүн бодит тоо нь илүү өндөр гэж үзэж байна.
Хүчилтөрөгчийн дутагдал
Индонезийн хамгийн олон хүн амтай арал болох Ява бол тус улсын дэгдэлтийн голомт юм. Долдугаар сарын эхний амралтын өдрүүдэд Ковид-19-ийн 63 өвчтөн Ёогякарта дахь эмнэлэгт төв хүчилтөрөгчгүй болж эмнэлэгт нас баржээ.
Ковидын огцом өсөлтийн үед Индонези хүчилтөрөгчийн хямралтай нүүр тулж байна. Эмнэлгийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр амиа алдсан хүмүүсийн тоог хэтрүүлэн тоолсон гэж үзэж байгаа ч нас баралт ард түмнийг цочирдуулж байгаа юм. Мөн хэд хэдэн хотуудын хэд хэдэн эмнэлэг хүчилтөрөгчийн хангамж муутай тул шинэ өвчтөнүүдээс татгалзах шаардлагатай болжээ.
Тархалт бага үед нэг эмнэлэг 3 тонн хүчилтөрөгчийг 3-7 хоног хэрэглэдэг байсан одоо хүчилтөрөгчийн нөөц өдөртөө л алга болж байна гэж Индонезийн Эмнэлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Лиа Гардения Партакусума хэлэв.
Индонезийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн холбоо харин хүчилтөрөгчийн дутагдал бол Засгийн газар өвчлөлийн тоо өсөхийг урьдчилан хараагүйгээс үүдэлтэй гэж буруушаасан байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд баярын өдрүүдтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх нь байна шүү гэдгийг өмнө нь Засгийн газартаа анхааруулж байсан байна.
Хүмүүс найз нөхөд, гэр бүлийнхэндээ тусалж, хүчилтөрөгчийн сав, дүүргэлт хийх, эмнэлгийн ор авахад тусламжийн зарыг сошиал медиад байршлуулж цөхрөнгөө барж байна.
Тус улсад цөөхөн байх хүчилтөрөгчийн дэлгүүрийн гадаа олон өдөр урт дараалал үүссэн ч нөөцийн хомсдолоос болж эдгээр дэлгүүрийн ихэнх нь хаалттай байгаа юм. Иргэдийн цөхрөл нэмэгдэх тусам луйварууд ч нэмэгдсэн байна.
Нэгэн оршин суугч Шани Буди ВВС-ийн Outside Source-т хэлэхдээ хадам ээждээ хүчилтөрөгч авах гэж байгаад хууртсан гэжээ. Тэрбээр хүчилтөрөгчийн ханган нийлүүлэгч олсон бөгөөд нийлүүлэгч түүнд төлбөрөө урьдчилан төлөх болзол тавьжээ. Шани Буди хүчилтөрөгчийн таван цистернд 2.2 сая рупия (124 фунт; 172 доллар) шилжүүлсэн боловч луйварчин хүчилтөрөгч илгээгээгүй байна. Аз болоход хадам ээж нь амьд үлдэж, одоо эдгэрч байна.
Олон нийтийн үйл ажиллагаа
Нөхцөл байдлыг хяналтандаа авч чадахгүй байна гэж Засгийн газраа шүүмжилсэн жирийн иргэд өнөөдөр хохирогчдод туслах ажлыг идэвхитэй хийж эхэлжээ. Йогякарта хотод амьдардаг 24 настай эмч телемедициний үнэгүй үйлчилгээг эхлүүлэхээр шийдсэн бол доктор Рио Пунки Ираваны хувьд өөрийгөө тусгаарлаж байгаа олон хүмүүс хяналтгүй байдгийг мэдээд WhatsApp дээр үйлчилгээгээ эхлүүлжээ.
Энэ сарын 7-ны өдрөөс зарласан үнэ төлбөргүй үйлчилгээний сургаар 800 гаруй телемедик хүсэлт ирсэн байна. Мөн баруун Жава хотод Жоки Харяди цагаан будааныхаа ургацыг хурааж, тусгаарлагдсан хүмүүст хүргэж эхэлжээ.
Эх сурвалж: BBC