“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын төрөлд өрсөлдөх Монголын баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсын зорьлоо. Тэд Японы Шизоку мужийн Шимада хотноо 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ базаах бөгөөд тэндээсээ Токиог зорин Олимпын тосгондоо очих юм байна.
Олимпийн хотхонд боксын тэмцээн 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдана. Токиогийн ринг дээр эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал нар эх орноо төлөөлөн хүчээ сорино.
Монголын боксчид олимпын наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 4 мөнгө, 6 хүрэл медальтан төрж байсан юм.