Долдугаар сарын 12-нд орсон аадар борооны улмаас Архангай аймгийн Цэнхэр, Өлзийт, Ихтамир сумын малчдын гэр, хашаа, мал урсаж, хорогджээ. Цэнхэр сумын нутагт 32 мм тунадас бууснаас малчин айлын гэр, бог мал үерт урссан бол малчин Б-ын таван ханатай гэр, гурван тугал, дөрвөн хонь үерт урсаж, Ихтамир сумын нутагт 89 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урсаад байна. Мөн малчин О-ын таван ханатай гэр, малчин О-ын 50 хонь, 70 ямаа, Ц-ын 10 хонь, зургаан ямаа, А-ийн 11 хонь, зургаан ямаа, Б-ийн 15 хонь, 15 ямаа, Б-ийн найман үхэр, 24 хонь, 31 ямаа, С-ын 20 хонь, 23 ямаа, М-ын 19 хонь, 23 ямаа, Г-ын хоёр хонь, дөрвөн ямаа, нийт нэг гэр, 181 хонь, 192 ямаа, найман үхэр үерт өртжээ.
Өлзийт сумын нутагт 42 мм тунадас бууж борооны өмнө салхи 20 м/с хүрсний улмаас малчин айлын гэр, байшин нурсан. Малчин Ч-ийн таван ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй зуны байшин, П-ийн дөрвөн ханатай гэр, 8х6 метрийн хэмжээтэй зуны байшин, М-ийн таван ханатай гэр, Д, Ч нарын малын хашаа тус тус нурсан, 11 бог мал хорогджээ. Мөн Батцэнгэл сумын нутагт 68 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан байна. Ингэснээр Архангай аймгийн 10 суманд үер бууж 10 орчим айлын гэр нурж, албан бус тоогоор 5000 орчим мал үерт урсжээ.
Дээрх мэдээллийг тухайн сумдын Засаг даргын Тамгын газраас өчигдөр /2021.7.15/ Архангай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлэх, гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжоо чангаруулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.