Засгийн газраас иргэдийг таваас дээшгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр аялал зохион байгуулж болно гэж мэдэгдээд байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр “2021 оны 7-р сарын 17-нд орон нутгийн халдварын тоо өдөрт 1300 бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэнэ хэмээн ХӨСҮТ-өөс тооцоо судалгаа гаргасан. Тиймээс УОК-оос иргэдийг хот орчмын амралтын газруудад үйлчлүүлэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр нь НЗДТГ-тай хариуцлагыг гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. 0-18 насны 27480 хүүхэд өвчлөөд байгаа ба нийт тохиолдлын тоо 27 хувийг эзэлж байна. Тиймээс аялж байгаа гэр бүлээс түүврийн аргаар 5-аас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэр бүлээрээ болон найз нөхдийн хүрээнд буюу аяллын багийн гишүүдийн тоог таваас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Аяллаар явж байгаа иргэд суурин газраар орохгүй. Харин шатахуун, хүнс, эмийн сан, эмнэлгийн тусламж, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авах тохиолдолд л орж болно. Өөрөөр хэлбэл орон нутгийн хот суурин газарт амьдардаг танил, ээж аавындаа очиж халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс дотнын хүмүүсээ эрсдэлд оруулахгүйн тулд байгальд зөв зохистой амарч, зугаалахыг зөвлөж байна.
Наймдугаар сард дэлхий дахинд делтавирус 80 гаруй хувийг хамрах тооцоо судалгаа гарсан ба энэ нь өмнөхөөсөө илүү хүндээр нөлөөлдөг, тэр дундаа вакцин хийлгээгүй бол хүнд тусдаг” хэмээв.