Төв талбай дээр эмч нарын төлөөлөл цалингаа нэмэгдүүлэхээр жагсаал хийж байгаа билээ. Тэдэнтэй өнөө өглөө УИХ-ын зарим гишүүн уулзаж, нөхцөл байдлыг сонссон бол салбарын сайд С.Энхболд сая уулзаж, зарим амлалтыг өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд төв талбайд ирж, суулт зарлаж буй эмч, ажилтнуудтай уулзлаа.
Тэрбээр “Та бүхний шаардлагыг салбарын сайдын хувьд дэмжинэ. Цаашид ч би энэ талаар байр сууриа илэрхийлж явна. Энэ асуудлаар холбогдох сайд нартай уулзаж байгаа. Хамгийн гол нь зөв гаргалгаа гаргаж, хэлэлцээрийн ширээнд сууж байж шийдэх ёстой асуудал. Үүнийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
Миний бие та бүхний адил цалин мөнгө хүрэлцээгүй байх ямар хэцүү байдаг, эрүүл мэндийн салбарын ажилтны цалин өнөөдөр ямар түвшинд явааг сайн мэднэ. Эхнэр бид хоёр хоёулаа эмч.
Түрүүн УОК-ын хурал тараад холбогдох хүмүүстэй нь уулзаж, ярилцсан. Бүгдээрээ гурван талт хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй болов уу.
Өнөөдөр 17:00 цагт Эрүүл мэндийн яам дээр Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн төлөөлөл, гишүүд, яамны төлөөлөлтэй гурван талт хэлэлцээрт сууж, гарц гаргалгааны талаар ярилцахаар болсон. Иймд та бүхнээс хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэж байна” гэв.
Мөн илүү цаг, эмч нарын урамшууллын асуудал хөндөгдсөн юм. Сайдын хэлээд байдаг урамшууллууд эмч нарын гар дээр хасагдаж ирдэг, ирдэггүй асуудал гардаг тухай эмч нар хэлж байлаа. Тиймээс энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд шалгуулна гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр “ Шат шатанд нугалаа үүсдэг. Үүнийг шат шатанд нь цэцлэнэ. Гүйцэтгэлүүдийг бүгдийг шалгасан. Бид бодлогоор дэмжих үүднээс урамшуулал өгч байгаа. Энэ нь очих газраа очих ёстой. Хангалтуудыг ЭМЯ-наас өгч байгаа. Хоёр сайдын тушаалаар дэмжлэг үзүүлэх зорилгоор тариф тогтоож ӨЭМБ-д урамшуулал олгож байгаа. ӨЭМБ-д очих ёстой урамшууллыг шалгуулна” гэлээ.
Н.Батаа