ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж Замын-Үүд боомтод “үүрлэсэн” авлигын сүлжээтэй Засгийн газар тэмцэж эхэлсэн” тухай мэдэгдсэн байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт нь АТГ, ЦЕГ-ын алба хаагчид багтсан байна.
Хилээр орж ирэх ачаа тээврийн автомашины тоог БНХАУ талаас цөөрүүлсэн. Иймд иргэдийн автомашиныг авлига, шан харамж авсны үндсэн дээр түрүүлж нэвтүүлэх зэрэг асуудал гарах болсон талаар иргэдийн гомдол мэдээлэл тасарахгүй байсан юм. Энэхүү асуудалтай холбоотойгоор Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр болон зарим нэг хүмүүсийг баривчилсан байна. Мөн холбогдох нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал,
- Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо. Оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх ажиллана.
- Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбат. Оронд нь В.Намхайнямбуу ажиллана.
- АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан. Оронд нь Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатар ажиллана.
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрах. Оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ажиллана.
- Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, н.Уранбаяр. Оронд нь ажиллах хүн тодорхой болоогүй байгаа аж.
Мөн Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын ажилтнуудыг болон гаалийн байцаагч нарыг өөр аймагт сэлгэн ажиллуулахаар болжээ.