Хэдхэн хоногийн дараа монголчууд үндэсний өв соёлоо дэлгэн харуулдаг уламжлалт баяр, наадмаа тэмдэглэх байлаа. “Байлаа” гэдэг хэдийгээр өнгөрсөн цаг дээр сонсогдож буй ч эргэцүүлж ухаарах аваас бас ч гэж зай бий. Жишээ нь хэлбэрт янз бүр байж болох ч агуулга бол ямагт чухал билээ.
Монголчуудын эрийн гурван наадам бол төрт ёсыг үүсгэн байгуулсан Хүннүгийн үеэс эхэлж, 1206 онд Их Монгол Улсаа тунхаглан Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөх үеэс Төрийн их ёслол болгон тэмдэглэж ирсэн. Дайснаа дарж, төр, улсаа дархалсан их баяр цэнгэл нь хожим зуны дэлгэр цагийг найр хуримын сар болгон өргөн олноор наадах болж улам өргөжин төгөлдөржсөн түүхтэй.
Энэ удаа монголчууд 200 жил үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхлыг халж, тусгаар тогтнолоо дэлхийд зарласан Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх байв. Гэвч олон арван зуун дамжсан ч түүх нь огт тасраагүй Төрийн их ёслол баяр наадам маань Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, эрх чөлөөгөө олж авсны 100 жилийн ой дээр тасрах нь тодорхой болжээ.
Бүх цаг үеийн түүхэнд хэзээ ч тасарч байгаагүй Үндэсний их баяр наадам яагаад орчин цагт, зөвхөн бидний үе дээр тасалдав. Яагаад Манжийн дарлалаас чөлөөлөгдсний 100 жилийн ой дээр гацах болов. “Наадмаа хийнэ, хийхгүй” гэх маргааны ард чухам юу нуугдаад өнгөрөв. Монголчууд хэчнээн ядуу буурай, хүн амын ихэнх нь бичиг үсэгт тайлагдаагүй харанхуй бүдүүлэг байхдаа ч эрийн гурван наадмаа таслаагүй. Дэлхийн дайны гал дүрэлзсэн он жилүүдэд ч төрийн их ёслол, баяр наадмаа тэмдэглэж ирсэн. Гэтэл техник, технологийн хөгжил дэвшил туйлдаа хүрч, хүний оюун санааг хүртэл орлуулах болсон эрин зуунд Covid 19 гэх өвчнөөр шалтаглан төрт ёс, тусгаар тогтнолын их баяраа хойшлуулж байгаа нь харамсалтай. Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтнолоо алдан бууж өгөөгүй, аль нэг улсад дагаар ороогүй шүү дээ. Тиймээс саяхны өдрүүдэд өрнөсөн “Nо naadam” нэртэй давалгаа шинэ цаг үеийн Монголчуудын тусгаар тогтнолоо зарласны их баяр 100 жилийн ойн наадмыг зогсоосон нь олны гайхлыг төрүүлж, энэ чинь арай Монгол наадмыг таслах гэсэн гадныхны санаархал байсан юм биш байгаа гэсэн болгоомжлол, эргэцүүллийг төрүүлж байна.
Наадмыг цар тахлын халдвар ихэссэн учраас хийхгүй байхыг “Nо naadam”-ыг санаачилагчид тулгасан. Коронавирусын халдвар нэмэгдэж, иргэдийн дунд айдас их байгаа ч энэ зөвхөн Монголын шүдний өвчин биш юм. Дэлхийн бүх орон ковидтой тэмцэж, ковидтой зэрэгцэн амьдарч, ковидын дундуур үндэсний онцлогоо харуулан нийгмээ хөдөлгөж, амьдралыг үргэлжүүлж байгаа.
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) тоглолтуудаа, Европ хөл бөмбөгийн лигээ итгэлтэйгээр зохион байгуулж, ОХУ агуу их ялалтын баяраа, Хятад тусгаар тогтнолын 100 жилийн ойн баяраа сүр дуулиантай тэмдэглэн, Япон сумогийн тэмцээнээ үргэлжүүлж байна. Тэд ковидоос айгаад манайхан шиг үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, боловсрол соёл, тээвэр жуучлалын байгууллагуудаа бүгдийг нь нам хориод, түгжчихсэнгүй. Улс орнууд бүгдээрээ ковидоос жийрхэлгүй дэлхийд бусдаас ялгарах ондоошлоо бахархалтайгаар харуулж байхад Монгол Улс тусгаар тогтнолын ойн баяр наадмаасаа татгалзаж байгаа нь маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байна.
Монгол Улсын өвөрмөц соёл, ёс заншлыг дэлхийн өмнө дэлгэдэг, монголчуудын ондоошлын нотолгоо болж өгдөг Үндэсний их баяр наадам ямар гээчийн хар хүчинд автаж, ямар гээчийн далдын нөлөөнд бүдрээд тасрахад хүрэв. Ковидын халдвар зөвхөн шалтаг, цаана нь арай үүнээс том бодлого, гадныхны хөндлөнгийн оролцоо байсан юм биш биз гэсэн хардлага өнөөдөр үүсэн бий болоод байна.
Эрх чөлөөгөө тунхагласны 100 жилийн ойгоо тэмдэглэх энэ он цагт Ардын хувьсгалыг авчирсан хэмээн бахархдаг МАН Засгийн эрхийг дангаараа барьж байгаа. Гэтэл энэ нам Ардын хувьсгалын тэгш ойгоо хийчихэж чадахгүй, Үндэсний баяр наадмын түүхээ ширгээн ухралт хийхээр шийдсэн гэж үү. Түүчээ нь үл тасрах учиртай тусгаар тогтнолоо ялан баталгаажуулсныхаа баярыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргасныхаа төлөө шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүмүүс түүхэнд таагүйгээр тэмдэглэгдэн үлдэж магадгүй цаг үе дээр тулаад ирлээ.
“Ардын хувьсгалын 100 жил, тэгш ойн баяр наадам шүү дээ, нэг намын ч баяр биш, бүх ард түмний баяр. Тиймээс ядаж цахимаар хийчихгүй” хэмээн халаглах хүмүүс олон байна. Халдвар, хамгааллын дэглэмээ сайтар бариад наадмаа цахимаар тэмдэглэхэд Хүй долоон худаг дахь наадмын талбайд хүмүүс цугларахгүй. Энэ нь халдварын өсөлтөнд тэгтлээ эрсдэл үүсгээд байхгүй. Гэвч монголчууд энэ жил ориг байтугай цахим наадам ч үгүй, тусгаар тогтнолынхоо тухай зурвасхан бодох ч боломжгүй өнгөрүүлэх нь ээ.
Монголчууд “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж ярьдаг. Тэгвэл төрт ёс, үндэсний тусгаар тогтнолын их баяраа Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ой дээр тасалчих юм гэж үү. Гэвч ийм гунигтай, таагүй халаглам түүхийг бичих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тиймээс энэ сэдэв удаан үргэлжилбэл ирэх намар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын асуудал яригдах хэмжээнд нөлөөлж магадгүй гэх сурагч чих дэлсэх боллоо. Гэвч улстөржсөн асуудал ярихаасаа илүүтэй өнөө, маргаашгүй болж цаг нь тулчихаад байгаа Үндэсний их баяр наадмынхаа тухай яг одоо эргэцүүлээсэй билээ. Цахим, дижитал хөгжлийн эрин зуунд наадмаа хийе гэж сэтгэх аваас арга олдоно. Хэлбэр ямар байх нь хамаагүй, хамгийн гол нь агуулгаа ягштал барьж Үндэсний баяр наадмаа бид ямар нэгэн байдлаар ёсчлохгүй өнгөрч болохгүй.
Эх сурвалж: www.polit.mn
Ч.ҮЛ-ОЛДОХ