Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялаас дүйцүүлэн хасах үйл ажиллагааны явцтай 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр танилцлаа.
Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гаргаж эхэлсэн юм. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг нийслэл болон орон нутаг дахь анхан шатны 28 шүүхийн 62 шүүх бүрэлдэхүүн судалж, ялаас чөлөөлөх болон дүйцүүлэн хасах асуудлыг шийдвэрлэж байна.
Баривчлах ялтай 52 хүнийг ялаас чөлөөллөө
Хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийнхэн Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиар орж, ялаас чөлөөлж буй үйл ажиллагаатай танилцлаа. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат тус ангиас нэр бүхий 52 ялтныг суллахаар шүүгчийн захирамж гарсныг танилцуулав. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат энэ үеэр “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ялын үндсэн төрлүүдийг зааж өгсөн. Энэ ялын төрөл дотор 2002 оны Эрүүгийн хуульд байсан баривчлах ял хасагдсан. Ийм учраас Хорих 431 дүгээр ангид баривчлах ял эдэлж байсан 52 ялтныг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн. Ийнхүү ялаас чөлөөлөгдөж байгаа хүмүүс нь 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, 18-56 насны хүмүүс байна. Манай шүүх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Хорих 401 дүгээр ангийн 80 гаруй ялтны ялыг дүйцүүлэн хасах асуудлыг мөн шийдвэрлэнэ.” гэж ярьсан юм.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, зургаан сар баривчлах ял шийтгүүлсэн Э “Жолоо барих үедээ архи согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй шүү гэж залуучууддаа захья. Энэ хугацаанд их зүйлийг ойлголоо. Ялаас чөлөөлөгдөх болсондоо баяртай байна” гэв.
Эмэгтэйчүүдийн хорихын 223 ялтны материалыг хянаж байна
Ажлын хэсгийнхэн үүний дараа Хорих 407 дугаар анги буюу эмэгтэйчүүдийн хорих ангиар орж хууль хэрэгжүүлэх ажлын явцтай танилцлаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул тэргүүтэй 3 шүүх бүрэлдэхүүн шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялаас чөлөөлөх болон ялыг дүйцүүлэн хасах үйл ажиллагааг тус ангид хэрэгжүүлж байв. Энэ үеэр 62 настай ялтан Э “Би 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн. 3 жил 4 сар хоригдоод төрийн хуулийн дагуу суллагдаж байгаадаа баяртай байна. Ар гэр, үр хүүхдэдээ очих боллоо” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул “ Хорих 407 дугаар ангийн 223 ялтны материалыг хянаж байна. Эдгээрээс баривчлах ял шийтгүүлсэн 6 эмэгтэйг ялаас чөлөөлсөн. Дөнгөж сая 5 ялтны асуудлыг хэлэлцээд ялыг нь дүйцүүлэн хаслаа. Тус шүүхийн нийт 6 шүүх бүрэлдэхүүн Хорих 407 дугаар ангийн 223, Хорих 409 дүгээр ангийн 225, Хорих 411 дүгээр ангийн 18 ялтны материалыг хянаж байна” гэсэн юм.
Хорь гаруй жил хоригдсон гурван ялтныг “суллалаа”
Хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийнхэн Тахир соёот дахь Хорих 405 дугаар анги буюу гяндангаар орж, ялаас чөлөөлөх болон дүйцүүлэн хасах үйл явцтай танилцав. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг нэр бүхий гурван ялтны материалыг хянаад тэдгээрийг ялаас чөлөөлсөн захирамжийг энэ үеэр танилцууллаа.
Эдгээр ялтнуудын хоёр нь 1986 оны Эрүүгийн хуулиар цаазаар авах ялаар шийтгүүлж, Ерөнхийлөгчийн уучлалаар амь өршөөгдөн 30 жил хоригдох болсон бөгөөд 21 жил, 22 жил 3 сар 3 хоног хорих ял эдэлсэн аж. Шинэ Эрүүгийн хуулиар хорих ялын дээд хэмжээ 20 жил болсонтой холбогдуулан дээрх хоёр ялтныг ялаас чөлөөлсөн бол нэг хүний тухайд 1986 оны Эрүүгийн хуулиар 25 жил хорих ялаар шийтгэгдэж, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж дүйцүүлэн хасахад ял нь 15 жил болсон бөгөөд 19 жил 11 сар 26 хоног хорих ял эдэлсэн учир суллагдаж байгаа юм байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг “Хорих 405 дугаар ангиас 85 ялтны материал ирснээс одоогийн байдлаар 23 хүний асуудлыг шийдээд байна. 25-30 жилийн ял шийтгүүлсэн 3 хүнийг ялын дээд хэмжээнд дүйцүүлэн ялаас чөлөөллөө. Мөн тус ангид жирийн дэглэмд хоригдож байсан 4 хүний тухайд хийсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон, мөн ялыг нь дүйцүүлэн хасахад ялаа бүрэн эдэлсэн тул чөлөөлсөн.” хэмээв. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт 4 шүүх бүрэлдэхүүн хорих 405, Хорих 429 дүгээр ангиудад ажиллаж байгаа ажээ. Гяндангаас суллагдсан Б “Төр засагтаа баярлалаа. Ажил хийгээд амьдралын төлөө зүтгэнэ.”, Г “Шинэ хуулиар эрх чөлөөт иргэн болж байгаадаа баяртай байна. Ингэж суллагдана гэдгээ огт мэдээгүй байсан. Гэнэт сонсоод их балмагдаж, баярлалаа. Эндээс гараад шууд нутаг руугаа, ээж рүүгээ явна. Ээж маань намайг хэрэгт ороход 50 настай байсан, одоо 70 гаруй настай. ” хэмээв.
М: Залууст хандаж архинаас хол яваарай гэж хэлмээр байна
Ажлын хэсгийнхэн Хорих 429 дүгээр ангиар орж ялаас чөлөөлөх болон хасах үйл явцтай танилцсан юм. Сүрьеэгээр өвчилсөн ялтнуудыг тус хорих ангид шилжүүлж, ялыг эдлүүлэхээс гадна эмчилдэг байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус ангийн нийт 170 ялтны материалыг хянаж байгаа аж. Тэдгээрээс 17 ялтныг ялаас чөлөөлөөд байсан юм. Ялаас чөлөөлөгдсөн М “Би хүн амины хэргээр 18 жил 2 сар хорих ял эдэлсэн. Архинаас болж гэмт хэрэгт холбогдсон. Залууст хандаж архинаас хол яваарай, алдаа гаргахгүйг хичээгээрэй гэж захимаар байна. Хорих ял эдлэх хугацаандаа гар урлалын чиглэлээр сургалтад хамрагдсан. Мөн ял эдэлж байх явцдаа хүнд өвдсөн ч энд ирээд эдгэрч байна. Эрх чөлөөтэй болоод наймаа хийж амьдарна гэж бодож байгаа. Сайхан амьдарч чадна” гэж хоолой зангируулан ярив.
Х.Нямбаатар: Шүүхүүд ялтны эрхийг хангахын тулд шуурхай ажиллаж байна
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Шүүн таслах ажиллагаа ажлын өдрүүдэд явагдах ёстой учраас өнөөдрөөс эхлэн ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялыг дүйцүүлэн хасах шийдвэр гарч эхэлж байна. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу ялаас чөлөөлөх болон дүйцүүлэн хасах ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 1-ний дотор багтаан хэрэгжүүлэхээр заасан ч шүүхүүд та бүхнийг нэг хоногийн өмнө ч болов эрх чөлөөтэй болог гэсэн үүднээс асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг болон нийт шүүгчдэд талархаж байгаагаа илэрхийлье.” гээд төрийн хууль тогтоомжоо дээдэлж амьдрахыг ялтнуудад захисан юм. Түүнчлэн орон нутгийн захиргааны байгууллагууд ялаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах, ажлын байранд зуучлах чиглэлээр болон тодорхой нийгмийн чиглэлийн үйлчилгээнүүдийг үзүүлнэ гэдгийг онцоллоо.
Дүүргийн шүүхүүд 930 ялтны материалыг шийдвэрлэж, 304 хүнийг ялаас чөлөөлжээ
2017 оны 7 дугаар сарын 3-ны байдлаар дүүргийн анхан шатны шүүхүүд нийтдээ 930 ялтны материалыг хянаж шийдвэр гаргасан байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хорих 431-р ангийн 64 ялтны материалыг хүлээн авснаас баривчлах ял шийтгүүлсэн 52 ялтныг ялаас чөлөөлжээ. Түүнчлэн тус ангид жирийн дэглэмд хорих ял эдэлж байсан 12 ялтны асуудлыг шийдвэрлэснээс 2 ялтныг ялаас чөлөөлж, 9 ялтны ялыг дүйцүүлэн хасч, нэг ялтны ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн хорих 401 дүгээр ангийн 80 ялтны материалыг хянаснаас 32 ялтныг ялаас чөлөөлж, 45 ялтны ялыг дүйцүүлэн хасч, 3 ялтны ялыг хэвээр үлдээжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хорих 461 дүгээр ангийн 97 ялтны асуудлыг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шийдвэрлэснээс 24 ялтныг ялаас чөлөөлж, 73 ялтны ялыг дүйцүүлэн хасчээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хорих 429 дүгээр ангийн 200 ялтны материалыг хянаж, 54 ялтныг ялаас чөлөөлж, 130 ялтны ялыг дүйцүүлэн хасч, 16 ялтны ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн Хорих 405 дугаар ангийн 23 ялтны материалыг шийдвэрлэснээс 7 ялтныг ялаас чөлөөлж, 16 ялтны ялыг дүйцүүлэн хасчээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хорих 409 дүгээр ангийн 225 ялтны материалыг шийдвэрлэснээс 39 ялтныг ялаас чөлөөлж, 177 ялтны ялыг дүйцүүлэн хасч, 9 ялтны ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн Хорих 407-р ангийн 223 ялтны материалыг хянаж, 88 ялтныг ялаас чөлөөлж, 110 ялтныг ялыг дүйцүүлэн хасч, 25 ялтны ялыг хэвээр үлдээжээ. Түүнчлэн Хорих 411-р ангийн 18 ялтны материалыг шийдвэрлэснээс 10 нь насанд хүрсэн хүмүүс бөгөөд тэдгээрийн 1-ийг ялаас чөлөөлж, 7-гийн ялыг дүйцүүлэн хасч, 2 хүний ялыг хэвээр үлдээжээ. Мөн тус ангид ял эдэлж байсан насанд хүрээгүй 8 ялтны асуудлыг шийдвэрлэснээс 5-ыг нь ялаас чөлөөлж, 1-ийн ялыг дүйцүүлэн хасч, 2-ын ялыг хэвээр үлдээсэн байна.
Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах ажиллагаа цааш үргэлжилж байна.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх