ШӨХТГ-аас импортын хүнсний тээврийн зардал өссөн асуудалд хийсэн хяналт шалгалтын дүнгээ танилцууллаа.
БНХАУ Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх хязгаарлалт хийж эхэлснээс хойш нарийн ногооны хомсдол үүссэн байна.
Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгаа нь улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн байна.
ШӨХТГ-ын Өрсөлдөөн зохицуулалт, зах зээл судалгааны газрын дарга Т.Батцэцэг “Ачаа тээврийн үнийн хөөрөгдөлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүссэн бөгөөд нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22.2 хувиар өссөн.
КОВИД-19-ийн халдвар гарахаас өмнө Эрээнээс-Улаанбаатар хүртэл тээвэр хийдэг жолооч сард дунджаар дөрвөн удаа тээвэр хийж, ногоог 2.2-2.8 сая, мах болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг 3-3.2 сая төгрөгөөр тээвэрлэдэг байсан. Гэтэл хязгаарлалтын арга хэмжээнээс болоод тээврийн хөлс 20-30 сая төгрөг болж өссөн.
Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,0000 төгрөгөөр тээвэрлэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдийн үйлдэлд холбогдуулан тавдугаар сарын 7-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тээвэр гүйцэтгэсэн есөн иргэн, нэг аж ахуй эрхлэгчдэд нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т заасныг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тул зургаадугаар сарын 29-ний өдөр тэдгээр иргэн, ААН-ийг хуулийн дагуу нийт хууль бус орлого болох 243 сая төгрөгийг хурааж, 3 сая төгрөгийн торгуулийг оногдуулах шийдвэрийг гаргасан” гэлээ.
Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Тээврийн хязгаарлалтаас үүдэн үнэ хөөрөгдөх үндэслэл байхгүй. Тухайн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа жолооч нар ААН-тэй тохирч оччихоод, өөр өндөр үнэтэй ачааг тээвэрлэсэн маш олон тохиолдол байгаа” тухай хэллээ.
Б.Ирээдүй