Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллээрээ цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тус намын зүгээс Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн Засгийг газрын шийдвэрүүд уялдаа холбоогүй, хуулиа хэрэгжүүлж чаддаггүй, чадамжгүй байна хэмээн шүүмжлэв.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Өчигдөр цар тахлын дэглэмийг наймдугаар сарын 31 хүртэл сунгасан. Энэ нь бүх аж ахуйн нэгжүүдийг үүдээ нээхийг хориглож байгаа гэсэн үг юм. Тэгсэн мөртлөө 7/1 нээс тэр аж ахуйн нэгжийн зээлийг төлөхийг шаардаж байна. Энэ мэтийн уялдаа холбоогүй зүйл их байна. Өнөөдөр иргэдийн зүгээс “Тэвчээр алдарлаа”, “No naadam”, “Эмч нараа хамгаалъя” гэсэн олон хөдөлгөөн гарч ирж байна. Энэ нь иргэдийн тэвчээр алдарч байгааг харуулж байна. Харин энэ үйлдлүүдийг засгийн газраас анхаарахгүй байна” гэлээ.
Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Засгийн газар ердийн байдлаар ажиллаж чадахгүй болсон тохиолдолд ҮАБЗ хуралддаг хуультай.Үүнээс харахад Засгийн газар ажлаа хийх чадамжгүй болсон учраас ҮАБЗ асуудлыг шийдэж байна гэж ойлголоо. Засгийн газрыг чадамжтай байлгахын тулд хариуцлага тооцох, чаддаг хүмүүсээр нь ажил хийлгэх эрх нь УИХ-д бий. Энэ ажлаа УИХ хийх ёстой. Түүнээс биш чуулганы танхимд гомдол тавьдаг сайд нартаа дээрэлхүүлдэг байж болохгүй. Хоёрдугаарт удахгүй батлагдах Өршөөлийн хуулиар Зөрчлийн хэргийн 73 тэрбум төгрөгийг өршөөнө. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн хуулийн биелэлтийг УИХ нь хариуцдаг. Тэгэхээр зэрэг Зөрчлийн хууль нь хэрэгждэггүй. Засгийн газар хуулиа хэрэгжүүлж чаддаггүй юм байна” хэмээв.
Л.Баяр