Хөдөө суманд төрийн үйлчилгээг үзүүлэн, хууль тогтоомжыг хэрэгжүүлэгч залуу төрийн албан хаагчдын төлөөлөл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Татварын улсын байцаагч Б.Сайнзаяатай ярилцлаа.
– Сайхан зусаж байна уу? Орон нутагт нь зуншлага хэр болж байна. Цар тахлын халдвараас орон нутгийн ирэдээ хамгаалах гээд төрийн албан хаагчид ажил ихтэй байх шиг байна.
-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд бороо хур элбэгтэй сайхан зуншлагатай байна. Харин тоогүй нь манай суманд коронавирусийн батлагдсан тохиолдол гарсан болохоор төрийн албан хаагчид бид 24 цагаар тасралтгүй эргүүл постонд гарч, ард иргэд, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, аль болох иргэдээ бодсон шийдвэрүүдийг гарган ажиллаж байна даа.
Татварын байцаагчын хувьд хагас жилийн ажлаа дүгнэх, дараа оны төсвийн төслийн судалгаа хийх, галт зэвсэг, авто тээврийн хэрэгслийн албан татвар, газрын төлбөр гэх зэргээр орлогоо төвлөрүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ жилийн хувьд Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой малчдад сургалт мэдээлэл өгөх ажил хийгдэж байна.
Зуны цагт сумын ЗДТГ-ын албан хаагчид төрийн үйлчилгээг багт хүргэж ажилладаг бол энэ жил нөхцөл байдал боломжгүй бгаа болохоор утсаар болон багийн засаг даргаар дамжуулан сурталчилж байна.
– Ажил ихтэй байгаа бололтой. Ер нь сумын татварын улсын байцаагчын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
– Сумын татварын улсын байцаагч гэдэг маань тухайн сумандаа татварын хууль тогтоомжыг хэрэгжилтийг хангуулдаг татварын албаны ажилтан байхаас гадна тухайн сумынхаа ЗДТГ-ын харьяанд байдаг. Тийм болохоор сумын татварын байцаагчид бүх ажлыг амжуулдаг.
Сумандаа татварын албаа төлөөлж, хуулийг хэрэгжүүлдгийн хувьд өргөн хэмжээний мэдлэгтэй, харилцаа хандлагын хувьд үргэлж хичээх гээд залуучууд бидний хувьд маш ихийг сурч, хөгжихийг шаарддаг, нилээдгүй ачаалал даахыг сургадаг. Төрийн сан хөмрөгийг бүрдүүлэх энэ их ажлыг өөрийн сумандаа хариуцан хийдэг учраас маш их хичээн ажилладаг.
Өдөр тутмын ажлаа товч дурьдвал Татварын албан хаагчдын дотоод систем болох Tаx Tub аппликэйшнээрээ эрүүл мэндийн асуумжаа бөглөснөөр ажил эхэлдэг дээ. Ажил дээрээ очоод өмнөх өдрийн ажлын төлөвлөгөөг харж хийгдээгүй ажлууд болон тухайн өдөр хариутай бичиг байгаа эсэх сарын эхэн дунд сүүл аль байгаагаас шалтгаалж орлогоо төвлөрүүлэх, тайлангийн ирц, татварын өрийн нэхэмжлэх хүргүүлэх зэрэг ажлуудаа хийнэ.
Татварын удирдлагын нэгдсэн систем /ТУНС/ хуваарлагдсан ажлуудаа гүйцэтгэдэг. Сүүлийн үед иргэд е-баримтад шинээр бүртгүүлэхээр их хандаад байгаа. Цар тахлын эсрэг иргэдийг дэмжих дэмжлэгүүдийг е-баримт бүртгэлтэй дансаар холбож байгаатай холбоотой. Дандаа л хурааж, хуримтлуулах ажил хийдэг байсан би иргэдийн 300 мянган төгрөгөө авахад нь тусалж байхдаа мөнгө өгдөг болчихсон юм шиг санагдаад байгаа шүү./инээв/
Манай албаны цахимжилт бидний ажилд төдийгүй татвар төлөгчдөд маш их хэрэг болж байгааг энэ ташрамд дурьдмаар байна. Өмнө нь бид нэгдсэн мэдээлэлгүй, татварын илүү, дутуутай мэдээллээ харахад хүндрэлтэй байдаг байсан бол одоо нэгдсэн системтэй учраас мэдээлэл солилцох хурд маш сайжирсан. Мөн татвараа төлсөн даруйд орлогыг систем бүртгэж, тодорхойлолтоо тэр даруй авдаг болсон зэрэг нь хүмүүст их амар байдаг болсон.
Мөн татварын хууль тогтоомжоо сурталчилан таниулах, мэдээлэл зөвлөгөө өгөх, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар үүсгэх, татвараа төлүүлэх ногдол буруу бол засуулах гээд ажлууд өрнөдөг дөө. Ер нь л өдөр маш хурдан өнгөрсөн байдаг.
– Малын тоо толгойн албан татвар хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор танай суманд ямар ажил хийгдэж байна даа?
-Малын тоо толгойн албан татварын хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Манай сумын ИТХ аар цар тахалтай холбоотойгоор энэ жилийн татварын хувь хэмжээг багаар тогтоосон. Үүнд, тэмээ-0 төгрөг , хонь-200 төгрөг, ямаа-300 төгрөг, адуу, үхэр 150 төгрөгөөр тогтоосон.
Малчид өмнөх жилийн мал тооллогын дүнгээр малын тоо толгой тутамд татвар ногдуулна гэж заасан. Малчин, мал бүхий иргэд ногдсон татвараа хоёр хуваан долдугаар сарын 15, 12 дугаар сарын 15-нд төлнө. Татвараа ибаримт апп ашиглан төлөх интернэт банк ашиглан төлөх эсвэл арилжааны банк ашиглан төлөх гэсэн сонголтуудаас төлөх боломжтой байгаа.
Уг хуулиар малчин татварын тайлан гаргахаар хуульчилсан. Өмнө дурдсанчлан малчин иргэд сүүний урамшуулал, ЗГ-ын дэмжлэг 300 мянган төгрөгөө и баримтаараа авч байгаа учраас иргэд и баримтдаа идэвхитэй бүртгүүлсэн байгаа. Энэ нь Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуу тайлангаа и баримтаараа хялбар гаргах боломжийг манай албанаас бүрдүүлсэн.
Сумын татварын байцаагчид энэ жил малчдад цахимаар татвараа төлөх, тайлангаа гаргах сургалт сурталчилгааг хийх томоохон ажилтай байна. Багийн малчдын хувьд сүлжээ байхгүй, ухаалаг утасгүй зэрэг хүндрэл байгаа ч сумын төвд ирсэн үедээ и баримтаараа нэвтэрч, тайлангаа гаргаж, татвараа төлөх боломжтой. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд и баримтаа апплейкишнаа ашиглан төрийн үйлчилгээг гэрээсээ аваарай гэж хэлмээр байна. Анхны юм болгон амар байдаггүй ч ашиглаад сурчихвал болно доо сурахад хэзээ ч оройтохгүй гэдэг дээ.
– Өөрөө ажил албаараа их бахархдаг бололтой?
-Үнэхээр их бахархдаг өрх гэрийн санхүү ээж аавын цалин, орлогоос бүрддэг бол би эх орныхоо, орон нутгийнхаа эцэг эхийн үүргийг гүйцэтгэж байгаа мэтээр төсөөлж, бахархаж ажилладаг даа. Мөн өглөө бүр төрийн сүлдэндээ залбирч ажлаа эхэлүүлдэг шүү. /инээв/
Би Татварын албанд анх 2014 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан Үүр суманд түр ажилтнаар ажиллаж байгаад Шинэ-Идэр суманд 2015 оны 6 дугаар сараас эхлэн 2020 оны 5 дугаар сар хүртэл хураагчаар ажиллаж 2020 оны 5 дугаар сараас ТУБ болон долоо дахь жилдээ ажиллаж байна.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар