Өршөөлийн тухай хуулийн төсөлд жолооч нарын төлөгдөөгүй торгуулийг тэглэх заалт орсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулгадаа дурьдсан байна.
Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шийдвэрлэсэн бөгөөд бүртгэгдсэн зөрчлийг зүйл, хэсгээр нь авч үзвэл 6.696.529 буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил аж.
257.071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан зөрчил юм байна. 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчсөн бол 30.406 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тогтоомж зөрчсөн зөрчил эзэлж байгаа бол 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах зөрчил, 2681 буюу 0.03 хувь нь Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, 280.907 буюу 3.8 хувийг нь бусад төрлийн зөрчил эзэлж байгаа гэх тоон мэдээллийг мөн төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 6.154.933 удаагийн зөрчилд бэлэн бусаар 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 3.035.324 удаагийн зөрчилд оногдуулсан 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу оногдуулсан 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд тухайн зөрчлүүдэд 168 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байгаа юм байна.
Дээрх хуулийн дагуу оногдуулсан торгуулийн шийтгэл цар тахлын өнөө үед ажлын байраа алдсан, орлого нь буурсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт болж, торгуулийн төлбөр төлөгдөхгүй, шийдвэр гүйцэтгэл биелэгдэхгүй байх шалтгаан болж байгаа гэж үзсэн байна.
Б.Ирээдүй