УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахалтай тэмцэх, эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгаа аж. 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлий. эргэн төлөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байна гэж танилцуулгад дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Засгийн газрын нийт өрийн хэмжээг тодруулж, Монгол Улс хандив, тусламж болон Засгийн газрын худалдан авалтаар хэдэн тун вакцин авсныг лавлав.
Азийн хөгжлийн банкнаас авч байгаа зээлийн хүү жилийн 0.8 хувь гэдгийг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү онцлоод Засгийн газрын өрийн түвшин 2021 онд 70 хувьтай байхаар хуульд заасан бөгөөд одоогийн байдлаар 62 хувьтай байна гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Хандив тусламж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 4 сая 910 мянган тун вакцин хүлээн авсан. Үүнээс 230 мянган тун нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, 450 мянган тунг хандив тусламжаар, үлдсэнийг нь Засгийн газар худалдаж авлхх” гэв. Мөн тэрбээр, зээлийн санхүүжилтээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан төлбөрийг хийхийн зэрэгцээ үлдсэн хөрөнгийг “файзер” вакцин авахаар санал өгсөн гэж байлаа.
Уг төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Эх сурвалж: Montsemg.mn