УОК-ийн шийдвэрээр 6-р сарын 25-наас бассейнуудын үйл ажиллагааг хаасан тул Монгол Улсаа төлөөлөн олимпд оролцох хоёр тамирчин бэлтгэл сургуулилалт хийх газаргүйн улмаас Туул голд сэлж бэлтгэлээ хийж байгаа талаар Монголын усан спорт сонирхогчдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийсэн.
Тэгвэл энэ мэдэгдлийн дараахан Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Баруун-Урт хот дахь олон улсын стандартад нийцсэн 6 замтай шинэ усан спортын төвд эх орноо төлөөлөх тамирчдыг бэлтгэлээ хийх боломжоор нь хангахын сацуу гарах зардлын тодорхой хэсгийг хариуцахаа илэрхийллээ.
Сүхбаатар аймаг 2018 онд олон улсын стандартын шаардлагад нийцсэн 6 замтай, 25×15 метр харьцаатай усан сан, душ, саун, оффис, заал, кофе шоп бүхий усан спортын төв байгуулж хүүхэд, залуусаа бие бялдараа хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тухтай орчин бүрдүүлж өгсний дээр улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулж амжжээ.
Г.Оюун