Төсвийн тодотголоор Хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох: нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгох, КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулж сайжруулах; цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.
Мөн айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. КОВИД-19 цар тахал болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даван туулахад чиглэсэн арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сан болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Төрийн байгууллагууд 2021 онд төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн мөрдөнө хэмээн төслийн танилцуулгад дурджээ.
Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт руулах тухай хуулийн төсөл: Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулиар төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, түүнд ажиллаж байгаа даатгуулагчдаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч Монгол Улсын иргэнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн.
Тус хуульд 2020 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч иргэний төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2020 оны аравдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлөхөөр, харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогч, даатгуулагч тус бүр 5 хувь, 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 хувь болгож тус тус хөнгөлсөн.
Нийгмийн даатгалын сангийн 2021 оны шимтгэлийн орлогыг 1.897.7 сая төгрөг байхаар баталсан ч Улсын Их Хурлаас 2021 оны зургадугаар сарын 11-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувь, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг 11.5 хувь байхаар бууруулсан юм.
Албан журмын тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2 нэгжээр, сайн дурын даатгалын шимтгэлийг 1 нэгжээр тус тус бууруулсан хуулийн дээрх өөрчлөлт нь Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 94.0 тэрбум төгрөгөөр бууруулж, энэ хэмжээгээр улсын төсвөөс тэтгэврийн даатгалын санд татаас олгох нөхцөл бүрдүүлсэн байна.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн бууралт нь Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль болон Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд тодотгол хийх хууль эрх зүйн үндэслэл болж байгаа тул Нийгмийн даатгалын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс